Увсын анхны барилгын инженер эмэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын барилгын салбарт 1980-аад оны эхэн үе хүртэл эмэгтэй хүн инженерээр ажиллаж байсан тохиолдол бараг үгүй аж. Энэ хүнд салбарт одоо ч гэсэн эмэгтэй инженерүүд тийм ч олноороо ажилладаггүй. Увс аймгийн хувьд хамгийн анхны барилгын инженер эмэгтэй 1984 онд төгсөж иржээ. Түүнийг Даржаагийн Оюун гэдэг бөгөөд тэрбээр өдгөө ч барилгын салбартаа ажилласаар байна.
Д.Оюун инженер 1960 онд Увс аймгийн Түргэн суманд төржээ. Бага насаа эцэг эхийнхээ гар дээр өнгөрүүлж, 8-р анги хүртлээ Түргэн сумын сургуульд суралцаад, аймгийн төвд ирж 10 жилийн 1-р сургуулийг төгссөн байна. Улмаар МУИС-ийн барилгын материалын технологич инженерийн ангид элсэн суралцаж, барилгын инженер болох багын мөрөөдлөө биелүүлэх боломж нь бүрджээ. Түүнийг төгсөх жил нь Политехникийн дээд сургууль МУИС-иас салбарлан байгуулагдаж, 1984 онд тус сургуулийн анхны төгсөгч нарын нэг болсон гэдэг.
Тэрбээр сургуулиа төгсөж ирээд аймгийнхаа Барилга угсралтын трестэд бетон цехийн инженерээр 14 хоног ажиллаад улмаар дэвшиж барилгын талбайн чанарын инженер болжээ. Анх төгсөж ирэхэд нь аймгийн барилгын салбарт эмэгтэй инженер огт ажиллаж байгаагүй тул хүмүүс ихээр гайхан сониучирхаж байжээ. Гэвч тэрбээр аливаа ажлыг хийхэд эр, эм хүйсийн ялгаа огт нөлөөлөхгүй, гагцхүү хүсэл сонирхол, тэсвэр тэвчээр, чин сэтгэл байхад бүх зүйл аяндаа болдог гэдгийг биетээр харуулж чадсан юм. Иймдээ ч тэрбээр Увс аймгийн хамгийн анхны эмэгтэй барилгын инженер хэмээгдэн түүхэнд бичигджээ.
Оюун инженер аймгийн Барилга угсралтын трестэд гурван жил гаруйн хугацаанд ажиллаж байтал 1987 онд Барилгын үйлдвэрлэлийн бааз ашиглалтад орж, тэрбээр лабораторийн эрхлэгч, технологич инженерээр дэвшин ажилласан байна. Тухайн үед төмөр бетоны орц нормыг тохируулж, түүхий эдийг шинжилдэг, элс хайрга, цементийн чанарыг тодорхойлдог иж бүрэн шинэ лаборатори ашиглалтад хүлээн авчээ. Ингэснээр 12 метр, 9 метр урттай дам нуруу, үйлдвэрийн зориулалтын багана, барилгын таворын бетон, арматурын бүх төрлийн бэлдэц, дам нуруугүй хучилтын хавтан, угсармал шат зэрэг 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн барилгын талбай руу ачуулдаг болжээ.
Тухайн үед Улаангом хотноо Мах комбинатын барилга шинээр баригдаж байсан бөгөөд төмөр бетон хийцтэй, ажиллагаа ихтэй, нүсэр том бүтээн байгуулалт өрнөж байсан гэдэг. Орос мэргэжилтэн Вадимтай энэ үед хамт ажиллаж, олон ч зүйлийг сурч мэдсэн нь цаашдын ажил хөдөлмөрт нь маш их их туршлага болжээ.
1990 онд Ардчилсан хувьсгал ялж, Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжихэд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нуран унаж, Мах комбинатын барилга ашиглалтад орж амжилгүй, хатуухан хэлэхэд “балгас” болж үлдсэн. Нүсэр бүтээн байгуулалт, их ажлын үр дүнг гаргаж чадаагүйд Оюун инженер одоог хүртэл дотроо харамсаж явдаг аж.
Түүний ажиллаж байсан Барилгын үйлдвэрлэлийн баазын мужааны цех, бетон зуурмагийн цех, тоосгоны цех, шохойн цех, альбасторын цех гэсэн таван том материалын үйлдвэр зах зээлийн шуурганд өртөж үгүй болоход суурин дээр нь “Хийц-Увс” ХК байгуулагджээ. 1992-2007 онд тэрбээр тус компанийн ерөнхий технологич инженер нэрийн дор явсан ч улс орны эдийн засаг доройтож, барилгын салбар уналтад орчихсон хүндхэн үе байсан тул бусад барилгачдынхаа адилаар тогтмол орлогогүй, амьдрал хүрэлцэхгүй, олон оюутантай зэрэг бэрхшээлийг даван туулахад хүрсэн байна. Энэ л үедээ аймгийн ХХҮХ-ийн даргаар ажиллаж байсан Г.Ууганбаяртай уулзаж, учир байдлаа хэлснээр тус байгууллагад нийгмийн ажилтнаар орж, хоёр жил гаруйн хугацаанд ажилласан байна. Тухайн үедээ зуны улиралд цалингүй чөлөө авч, Увс аймгийн сумдыг өндөр хүчдэлд холбох их ажлын бүтээн байгуулалтад гар бие оролцон, Ховд аймгийн “Ньюпрогресс” ХХК-д технологи инженерээр ажиллаж байжээ. Тодруулбал туслах ажилчдаа дагуулан Ховд аймагт очиж сургалтад хамрагдан өндөр хүчдэлийн шугамын бетон хөл хийх дадлага эзэмшжээ. Улмаар аймагтаа ирж сурсан эрдмээ ажил хэрэг болгон Улаангомоос Малчин сум хүртэлх цахилгааны 110 мянган вольтын өндөр хүчдэлийн шугамын төмөр бетон хөл, Хяргас, Баруунтуруун сум хүртэлх 36 мянган вольтын өндөр хүчдэлийн шугамын төмөр бетон хөлийг үйлдвэрлэж, гурван сумыг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах ажилд гар бие оролцсон байна. Өдгөө энэ гурван сум руу явах замд тэдгээр бетон хөлүүд их л дотно, бахархмаар санагддаг аж.
Оюун инженер 2008 оноос аймгийн Барилга захиалагчийн албанд орж мэргэжлээрээ ажиллах болсон байна. Улмаар тус байгууллагад 2014 он хүртэл ажиллаад өндөр насныхаа тэтгэвэрт гарчээ. Тэр цаг үеэс хойш зүгээр суусангүй, Л.Рагчаадорж захиралтай “Барилгын инженерүүд” ХХК-д барилгын хяналтын инженерээр ажиллаж, орчин цагийн барилгын салбартай хөл нийлүүлэн алхах болсон байна.
“Би компанийхаа төсөвчин, хяналтын инженерээр голчилж ажилладаг. Үндсэндээ “Барилгын инженерүүд” компаниас гаргаж өгсөн зургийн дагуу тухайн барилга баригдаж байна уу, үгүй юу гэдэгт би хяналт тавьж ажилладаг. Ер нь бол барилга гэдэг чинь хамт олны бүтээл, олон хүний хүч хөдөлмөр юм шүү дээ. Газар олголтоос эхлээд орчин тойрон, ногоон байгууламж, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, гол өрөөнүүдийн байрлал, нарны тусгал зэргийг маш сайн тооцоолж, олон талаас нь бодож байж барилга барьдаг. Мөн хамгийн наад захын жишээ гэхэд л зуурмагийн орц, найрлагыг стандартын дагуу хийх хэрэгтэй. Хэрвээ өргийн зуурмаг хэт аргуун байлаа гэхэд түүнийг тараахад өрлөгчнөөс их хүч шаардахаас гадна өрлөгийн зуурмаг хэт зузаан болдог. Харин уян налархайжуулагч нэмэлтээр хийгээд зуурмагийн хөдөлгөөнт чанарыг сайжруулаад өгвөл тараахад амар, зуурмаг ч зузаан орохгүй, бас цементээ хэмнэнэ. Иймээс барилгын стандарт, норм дүрмээ ягштал мөрдөх хэрэгтэй. Тэрчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангах, чанартай барилгын материал сонгох гэх мэт маш олон чухал зүйл бий. Барилгын талбай дээр барилгын зураг төсөв өөрчилж хийх шаардлага байгаа бол хийхээсээ өмнө заавал зургийн автортайгаа зөвшилцөж, зөвшөөрөл авах хэрэгтэй. Хийсэн хойноо зөвшөөрөл авна гээд ирдэг тохиолдол их байна.
Миний хувьд барилгын салбарт БУТ-н дарга, гавьяат барилгачин Т.Батзул, Дэмбэрэл, Ч.Нүүнээ, Б.Зуршиг, Л.Рагчаадорж гэсэн манай тэргүүний ахмад барилгачидтай хамт ажиллаж, суралцаж байснаараа бахархаж, бас баярлаж явдаг” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
Эднийх дөрвөн хүүхэдтэй бөгөөд бүгдээрээ их, дээд сургууль төгсөөд ажил амьдарлын захад хүрчээ. Отгон хүү Х.Хүрэлтулга нь ээжийнхээ мэргэжлийг өвлөн барилгын инженер болсон байна. Хань нь хэдийгээр бурхны оронд одсон ч хань ижил, үр хүүхэд, ач зээгээ тэнгэрээс харж, түшиж тулж яваа нь дамжиггүй биз ээ.
Оюун инженер барилгын салбарт тасралтгүй 35 жил ажиллахдаа 1984 оноос хойших аймагтаа барьсан ихэнх барилгын ажилд гар бие оролцож, хяналт тавьж, зөвлөн тусалж байсан гэдэг. Тиймдээ ч яг хэчнээн барилга барилцсан бэ гэдэг дээрээ тоогоо алдсан байх.
Увс аймгийн их барилгын салбарын ийм л нэгэн амьд домог болсон бахархам бүсгүй бидний дунд эгэл жирийнээр ажиллаж, амьдарсаар байна.