Гавьяат тамирчин О.Бурмаа 39 насандаа олимпын эрх авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуны олимпын XXXII наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн эрх олгох тэмцээнд бямба гарагт хүчээ сорьсон манай эмэгтэй 5 бөхөөс 4 нь Токиог зорих эрхтэй болов.
Казахстаны Алматы хотод үргэлжилж
байгаа тус тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин
ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяа, 57 кг-д
Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Б.Хонгорзул, 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа
нар "Токио-2020" олимпын эрх авлаа.
“Афин-2004”, “Лондон-2012” олимпын наадамд оролцсон, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, 39 нас хүрч байгаа О.Бурмаагийн жинд 5 бөх тойргоор барилдахад Киргизийн Айпери Медет Кызыд оноогоор цэвэр ялагдсан ч Энэтхэгийн Поожаг 3:1-ээр, БНСУ-ын Жон Сёо Йоныг 6:3-аар дараалан ялж, эрхийн төлөөх барилдаанд Узбекистаны Ш.Эльеваг хашир туршлагаар илүүрхэн цэвэр ялж, 8 жилийн давтамжтай олимпын эрх авч чадлаа.
Монголын эмэгтэй бөхчүүд ийнхүү 2 алт /Б.Болортуяа, Б.Хонгорзул/, 2 мөнгө /Ц.Намуунцэцэг, О.Бурмаа/, нэг хүрэл /С.Цэрэнчимэд/ медальтай, олимпын 4 эрх авч, нийт 5 /С:Батцэцэг/ эрхтэй болов. Харин 62 кг-д С.Цэрэнчимэдийн хувьд тавдугаар сард Болгарт болох дэлхийн тэмцээнээс эрх авах хариуцлагатай даалгавар ногдлоо. Азиас олимпын наадмын эмэгтэйчүүдийн төрөлд Япон, БНХАУ бүтэн багаараа, Монгол 5, Казахстан, Энэтхэг, Киргиз тус бүр 3 эрх аваад байна.
Ази тивээс олимпын эрх
авсан эмэгтэй бөхчүүд:
50
кг: Юи Сүсаки /Япон/, Цогт-Очирын Намуунцэцэг
53
кг: Бат-Очирын Болортуяа , Татьяна Аманжол /Казахстан/
57
кг: Болдсайханы Хонгорзул, Аншу /Энэтхэг/
62
кг: Жиа Лон /БНХАУ/, Сонам Малик /Энэтхэг/
68
кг: Зоу Фенг /БНХАУ/, Меерим Жуманазарова /Киргиз/
76 кг: Айпери Медет Кызы /Киргиз/, Очирбатын Бурмаа