Спортын салбарынхан цахим уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-29 12:55:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний олимпын академи, Монголын мэргэжлийн дасгалжуулагч багш нарын холбоо хамтран “Спортын хөгжлийн өнөөгийн түвшин ба тулгамдсан асуудлууд” сэдвээр цахим уулзалт-хэлэлцүүлгийг лхагва гараг /2021.04.28/-т зохион байгууллаа.


Энэхүү уулзалт хэлэлцүүлэгт Монголын спортын холбоодууд, Аймаг дүүргийн БТСГ, Олимпийн зөвлөлүүд, Спортын дунд сургуулиуд, Ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш, арга зүйчид оролцсон байна. 


Тус уулзалт хэлэлцүүлэгт дараах эрдэмтэд багш, дасгалжуулагч нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцжээ.


Тухайлбал, МҮОА-ийн Ерөнхийлөгч, Спортын төв сургуулийн захирал, доктор/Ph.D/ профессор Ч.Зоригтбаатар “Монгол Улсын спортын хөгжлийн зарим асуудал”, Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Боловсрол судлалын докторант Г.Ерөөлбат “Спортын холбоодын үйл ажиллагаа ба спортын хөгжлийн байдал” сэдвээр, мөн “Монголын мэргэжлийн дасгалжуулагч багш нарын холбооны үйл ажиллагаа” сэдэвт илтгэлийг тус холбооны тэргүүн, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Баттулга тус тус сонордуулав.


Түүнчлэн ҮБТДС-ийн захирал, ШУ-ны доктор /Sc.D/, профессор Л.Алтанцэцэг “Мэргэжлийн дээд боловсролтой дасгалжуулагч бэлтгэн гаргах менежментийн асуудал”, Архангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч Л.Бат-Өлзий “Аймаг орон нутаг дахь спортын хөгжлийн байдал”, “Аварга” спортын ахлах сургуулийн захирал А.Элбэг “Монгол Улсын спортын хөгжил ба биеийн тамир, спортын дунд сургуулиуд” гэсэн илтгэлийг тус тус тавьж, санал бодлоо солилцсон байна.

Связанные новости