Дэлхийн шатрын холбооноос цол олгох багшийн сургалт зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-29 13:38:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын холбооны Боловсролын хорооноос “Шатрын багш нарыг бэлтгэхүй” сэдэвт анхны сургалтыг зохион байгуулна.


Тус сургалт нь англи хэлээр онлайнаар 5 дугаар сарын 21-23-нд өдөр бүр Улаанбаатарын цагаар 21.00-02.00 цагт явагдана. Зорилтот суралцагч багш нар шатрын суурь мэдлэг сайн, хүүхдүүдтэй ажилласан туршлагатай байна. Англи хэлний түвшин B1 байх хэрэгтэй юм байна.


Сургалтын хугацаа нь 2-3 удаагийн завсарлагаатай /15 цаг/ 3 өдөр байх бөгөөд оролцогчдод боловсролын шатрын талаарх мэдлэг ба ур чадварыг хөгжүүлэхэд туслах юм. Мөн онлайн сургалтын шинэ дижитал төхөөрөмж болон платформуудын талаар олж мэдэхэд туслахын зэрэгцээ шатрын суурь ойлголтыг сургах явцад хэрэгтэй чухал сургалтын арга зүйн хэрэглээний талаар шинэ санаануудыг олж авахад тусална.


Сургалтын сүүлийн цагт 65 хувиар тэнцэх шалгууртай /олон хувилбарт асуулттай/ шалгалт авна. Тэнцэх шалгуурыг хангасан оролцогч “Дэлхийн шатрын холбоо /ДШХ/-ны сургуулийн сургагч багш” цол хүртэх бөгөөд цолын хураамж 50 евро юм байна. 

Связанные новости