Сумо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгс Токиогийн олимпын бамбарын буухианд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-19 07:52:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын наадам эхлэхэд 66 хоног үлдлээ. Хэдий цар тахлын хүнд үе тохиож байгаа ч олимпын бамбар аян замдаа гарсан байгаа.

 

Токиогийн олимпын бамбар 2021 оны 3 дугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлсэн. Фүкүшимагаас эхэлсэн нь ч учиртай. Энд 2011 онд болсон газар хөдлөлт, цүнамигийн уршгаар олон хүн амь насаа алдсан. Токиогийн олимпын бамбар энэ мужаас гараагаа эхэлж байгаа нь Фүкүшима болон Япон улс энэ гамшгийг даван гарсныг дэлхий дахинд харуулах зорилготой юм.

 

Бамбар Японы 47 мужаар аялаад 7 дугаар сарын 23-нд Токиод хүрч, олимпын наадам дуустал Токиод мандах болно.

 

Муж, хот, дүүрэг бүр Бамбарын буухианд гүйх хүмүүсээ тодруулж, нутгийнхаа алдартнуудыг энэхүү хүндэт үйл ажиллагаанд урьж байгаа билээ.

 

Тэгвэл Тоттори мужийн Тоттори хотын олимпын бамбарын буухианд монгол залуу оролцохоор болжээ. “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сумо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгсийг энэхүү нэр хүндтэй буухианд томилсноо Тоттори мужаас зарласан байна.

 

Тэрбээр “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулж, нэрийг нь улс орон даяар мандуулж байгаа. Мөн Монгол Улсын нэрийн өмнөөс сумо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байсан нь ийнхүү үнэлэгджээ.

 

Р.Гантөгс бол Монголын сонирхогчдын сумо төдийгүй мэргэжлийн сумод ч маш их гавьяа байгуулж байгаа манай шилдэг мэргэжилтэн. Түүний олон шавь одоо мэргэжлийн сүмод хүч сорьж байгаа. Озэки Тэрүнофүжи, Ичиножёо, Миторюү, Роога нар түүний гарын шавь нар юм.

 

Р.Гантөгс энэ сарын 22-нд 19.00 цагаас Тоттори хотын Бамбарын буухианд оролцоно. Нийт 40 хүн гүйх бөгөөд Тоттори мужаас төрсөн олимп, дэлхийн медальтнууд, Токиогийн олимпод оролцох тамирчид сонгогдож, үлдсэн эрхийг нутгийн иргэдэд сугалаагаар олгожээ.

Связанные новости