Н.Чимэдцэен: Хүүхдүүд орчинд нь ёс заншлаасаа суралцах боломжийг бүрдүүлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-05-28 18:41:15

Увс /МОНЦАМЭ/. Зүүнговь сумын “Жавхаа” цэцэрлэгийн хамт олон ”Хүн болох багаасаа-1” хөтөлбөрийн хүрээнд 8 бүтээлч ажлыг хийсэн байна. Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Чимэдцэентэй ярилцлаа.


-Юуны өмнө цэцэрлэгээ танилцуулна уу?

-Зүүнговь сумын цэцэрлэг нь 1961 онд байгуулагдсан. Өдгөө 18 багш, ажилтантай, сумын цэцэрлэгийн насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна. Энэ хичээлийн жилд 4 бүлэгт нийт 122 хүүхэд цэцэрлэгт хамрагдсан. Мөн зун, намрын улиралд малчдын хүүхдүүдийг хувилбарт сургалтад хамруулж байна. Цар тахлын үед манай цэцэрлэгийн хамт олон халдвар хамгааллын дэглэмийг сахиж, хүүхэд нэг бүрт зайнаас хүрч ажиллалаа.

Хэрэгцээт дасгал, даалгаврыг багш нар бүтээлчээр бэлтгэн, хүүхэд нэг бүрийн гэрт хүргэсэн. СӨБ-ын үйлчилгээний хувьд 5 настай хүүхдийг сургуульд бэлтгэх нь хамгийн чухал байдаг. Харин цаг үеийн байдалтай уялдуулан цэцэрлэгийн багш нар, сумын Засаг дарга, багийн дарга нартай хамтраад “Хүн болох багаасаа-1” дасгал даалгаврыг бэлтгэн, хүүхдүүдэд тараалаа. Мөн сумын Орон нутгийн хөгжлийн сан, “Данида” төсөлтэй хамтран дасгал даалгавар, тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг хүүхдүүдийнхээ гэрээр аялуулах ажлыг зохион байгуулсан ба хүүхдүүд гэр бүлийн орчиндоо эцэг, эхийнхээ тусламжтайгаар хөгжих боломж бүрдэж байна.

-Шинэ цэцэрлэгийнхээ тохижилтод их анхаарсан байна шүү?

-Зүүнговь сумын цэцэрлэгийн шинэ байр 2020 оны 12-р сарын 26-нд ашиглалтад орсон. Нийт 100 хүүхдийн стандартын шинэ барилга ашиглалтад орсон нь багш ажилчдын ажиллах орчин, хүүхдийн хөгжих орчинд том дэвшил болсон. Учир нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд сургалтын аюулгүй, таатай орчин маш чухал. Шинэ цэцэрлэгтэй болсноос хойш манай хамт олон тохижилтын ажилд ихээхэн анхаарал хандууллаа. Цар тахалтай холбоотой сургалтын үйл ажиллагаа хумигдсан ч ирэх жил бяцхан шавь нараа угтах бэлтгэлээ базааж байна. Цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын хүрээнд багш, ажилчид 4 багт хуваагдан ажилласан. Цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт, хүүхдийн тоглоомын талбайд мод, цэцгийн мандал тарьсан байгаа. Дотор тохижилт гэхэд багш, ажилчид гарын доорх материал, дотоод нөөцөө ашиглан 4 төрлийн булан, тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн хийсэн.

-Хүүхэд хөгжлийн чиглэлээр ямар хөтөлбөрийг хэрэгжүүлж байна?

-“Хүн болох багаасаа-1” хөтөлбөрийн хүрээнд зорилтот 8 ажлыг санаачлан хийлээ. Тухайлбал: “Сайн хүүхэд” дасгал даалгаврыг бэлтгэж, бэлтгэл бүлгийн 68 хүүхдэд тараасан. Өв соёлоо сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд хүүхэд бүр ардын дуу, бүжиг, аман зохиолын төрлөөс суралцаж байна. “Бяцхан байгаль хамгаалагч” аяны хүрээнд хүүхдүүд өөрсдөө цэцгийн үрсэлгээ хийх, цэцэг тарих ажилд оролцсон. Сургалтын орчинд цэцгийн төвтэй болохын дээр ногоон орчин бүрдүүлэхийг зорьж байна.

Багш, хүүхэд, эцэг эх гэсэн гурвалсан холбоон дор ахлах бүлгийн хүүхдүүдэд даамын дугуйланг хичээллүүллээ. Гарын доорх материал ашиглан даам хийж, хүүхэд бүрийн гэрээр аялуулсан нь үр дүнгээ өгсөн. Эцэг эхчүүд, хүүхдүүд даам тоглох анхан шатны мэдлэгтэй болсон байна. Бүжгийн багш маань баяд бий биелгээг цэцэрлэгийн нийт хүүхдэд зааж сургалаа. Энэ хүрээнд багш, ажилчид баяд ястны хувцсыг хүүхэд бүрийн тоогоор өөрсдөө оёсон. Мөн усны хэрэглээ сэдвийн хүрээнд усыг зүй зохистой ашиглах мэдлэг олгох, анги болон коридорт усны төвийг тохижуулсан. Эрүүл мэндийн чиглэлээр “Шүд эрүүл бол бие эрүүл” ажлын хүрээнд багш, ажилчид, хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх, гар угаах дадал, халдвар хамгааллын дэглэм баримтлах талаар заавар зөвлөгөөг өгч ажилласан байгаа.

-Танай цэцэрлэгт Монгол өв, уламжлалыг харуулсан сургалтын хэрэглэгдэхүүн их байна?

-"Хүн болох багаасаа-1" хөтөлбөрийн хүрээнд манай цэцэрлэг хэл ярианы, математикийн, ёс заншлын, номын булан байгуулсан. Хүүхэд бүр ёс заншлаасаа суралцах боломжийг бүрдүүлэн, цэцэрлэгийн 4 бүлэгт ёс заншлын булантай болсон. Түүнд монгол гэр, таван хошуу мал, эмээлийн иж бүрдэл, алаг мэлхий, шагай зэрэг ардын өв уламжлалыг харуулсан тоглоом наадгайг бэлдсэн. Хүүхдүүд орчинд нь гэр барих, тоглох замаар өв соёлоосоо суралцах боломжтой юм. Эдгээр сургалтын хэрэглэгдэхүүнийг багш нар өөрсдөө бүтээлчээр хийсэн. Тухайлбал малын саравчийг бургасаар сүлжиж хийсэн, олбог ширдгийг гараар ширсэн байгаа. Цар тахалтай холбоотой хүүхэд бүр гэр бүлийн орчиндоо ардын тоглоомоор тоглох уриалга гаргаж ажилласан.

-Танай цэцэрлэгийн амжилт, бүтээлийн тухайд?

-Зүүнговь сумын цэцэрлэг нь өнгөрсөн хугацаанд аймаг, сумын хэмжээнд ажлын амжил, бүтээл арвинтай жилүүд байлаа. Эдгээрэс дурдвал: 2010 онд "Хүүхдэд ээлтэй байгууллага", 2011 онд "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага", 2008, 2009, 2010, ,2012, 2017 онд сумын “Тэргүүний байгууллага”-аар шалгарч байсан.

Мөн “Монгол бичиг-3” хөтөлбөрийн хүрээнд  орон тооны бус зөвлөл байгуулсан. Сумын хэмжээнд байгууллага бүр монгол бичгийн орчин бүрдүүлсэн байдлыг шалгаруулах бүтээлч  уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн. Энэ хүрээнд цэцэрлэгийн гадна хаягжилт, ажилчдын энгэрийн тэмдэг, хаалганы хаяг, ангийн булан гээд бүх мэдээлэл, хаягжилтыг монгол бичгээр бичсэн. Мөн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг байгууллагаараа захиалан уншиж байна. Цэцэрлэгийнхээ 60 жилийн ойн хүрээнд 12 төрлийн төсөл бичиж сумынхаа Засаг даргад уламжилсан. Түүхт ойгоо бүтээлч ажлын жил болгон тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Связанные новости