ДАШТ-д хүч үзэх жүдочид маргааш Будапештыг зорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгарын нийслэл Будапешт хотноо 6 дугаар сарын 6-13-нд зохион байгуулах жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үндэсний шигшээ багийн тамирчид маргааш Европыг зорино.
Монголын жүдо бөхийн
холбоо /МЖБХ/-ны дэд ерөнхийлөгч, “Хангай” констракшны захирал С.Гал-Эрдэнэ ДАШТ-д
оролцох жүдо бөхийн үндэсний шигшээ багийн хамт олонд бэлтгэлийн хувцас
бэлэглэжээ.
“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын өмнөх хамгийн том тэмцээн гэдгээрээ олон
мянган жүдо сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Энэ удаагийн ДАШТ-д 5
тивийн 88 орны 388 шилдэг тамирчид /эмэгтэй 141, эрэгтэй 247/ өрсөлдөнө.
Будапештын ДАШТ-д Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Болдбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, М.Бундмаа нарын бүрэлдэхүүнтэй дасгалжуулагчид ажиллах бол Терапист багшаар Япон улсын иргэн Масатоши Нишикидо, шүүгчээр Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны, олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нар оролцоно.
ДАШТ-д өрсөлдөх Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд ОУХМ Л.Өнөболд, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Ё.Басхүү, 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар, 81 кг-д Саед Моллаей, 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, -100 кг-д ОУХМ Л.Отгонбаатар, ОУХМ Б.Гончигсүрэн, +100 кг-д гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр нар багтжээ.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д МУГТ
М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой, 57
кг-д Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа, 63 кг-д ОУХМ Б.Ганхайч, 70 кг, ОУХМ
Ц.Энхчимэг -78 кг-д ОУХМ Б.Эрдэнэт-Од, +78 кг-д ОУХМ А.Адьяасүрэн нар хүчээ
сорин барилдана.