“Johnson & Johnson”-ы вакцины нэмэлт тун өндөр үр дүн үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-08-26 18:39:18

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын “Johnson & Johnson” компани “COVID-19”-ийн нэг тунт вакциныхаа нэмэлт тунд хийсэн эмнэлзүйн туршилтынхаа үр дүнг лхагва гарагт танилцууллаа. Энэхүү туршилтаар нэмэлт тунг тарьснаар эсрэг биетийн хариу урвал эхний тунгийнхаас ес дахин нэмэгдэж буйг тогтоожээ.


Johnson & Johnson”-ы мэдэгдэлд дурдсанаар, вакцины нэг тунг хийлгэсэн хүмүүсийг “1/2a” үе шатны хоёр судалгаанд хамруулжээ. Ийнхүү эдгээр судалгааны урьдчилсан дүнгээс үзэхэд, нэмэлт тун вирусийг саармагжуулдаг эсрэг биетийн тоо хэмжээг хурдан хийгээд эрчтэйгээр нэмэгдүүлсэн байна.


Тодруулбал, эсрэг биетийн түвшин эхний тунг хийлгэснээс 28 хоногийн дараахаас ес дахин нэмэгдсэн бөгөөд ийнхүү эрс өсөлт 18-55 насныхан болон бага нэмэлт тун хийлгэсэн 65 болон түүнээс дээш насныхан дунд ажиглагджээ.


“Эмнэлзүйн “1/2a” үе шатны туршилт нь гуравдугаар үе шатны туршилтаас бага хүрээг хамардаг бөгөөд вакцины үр дүнг судлах зорилготой юм” гэж компанийн мэдэгдэлд дурджээ. Мөн “Johnson & Johnson” гуравдугаар үе шатны туршилтад 30 мянган хүнийг хамруулан хоёр дахь тун вакциныг туршиж байгаа бөгөөд үр дүнг нь хараахан танилцуулаагүй байна.


Johnson & Johnson”-ы судалгааны асуудал хариуцсан тэргүүн Матхай Маммений мэдээлснээр, компани нэмэлт тунг эхний тунг хийлгэснээс найм болон түүнээс дээш сарын дараа хэрэглэх боломж бүхий судалгааны үр дүнг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв, Европын Эмийн агентлаг болон бусад эрүүл мэндийн байгууллагад хүргүүлж байгаа ажээ. 

Связанные новости