Японд “Pfizer”-ийн вакцины үр дүнг 85-96 хувь гэж үнэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-09-13 13:46:14

ТОКИО /NHK/. Японы Киотогийн их сургуулийн мэргэжилтнүүд “Pfizer” компанийн коронавирусний вакцин 85-96 хувийн үр дүнтэй болохыг тогтоожээ.

 

Тус их сургуулийн хэсэг судлаачид өнгөрсөн зун судалгаа хийсэн бөгөөд энэ хугацаанд халдвар авсан 10 мянга гаруй иргэдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь вакцинд хамрагдаагүй байсан байна. 20-60 насны эрэгтэйчүүдийн дунд “Pfizer”-ийн вакцины үр дүн 89.6-93.4 хувь, 60-аас дээш насны эрчүүдийн хувьд 94.7-96.9 хувьтай байжээ. Харин 20-60 насны эмэгтэйчүүдийн дунд энэхүү вакцин 85.4-91.8 хувь, 60-аас дээш насны эмэгтэйчүүдэд 92.6-96.1 хувийн үр дүн үзүүлсэн байна.

 

Судалгааг Японд коронавирусний “дельта” хувилбар ид тархсан үед хийсэн болохыг мэргэжилтнүүд онцолжээ. “Pfizer”-ийн вакцин нь энэхүү илүү халдвартай хувилбараас хангалттай үр дүнтэй хамгаалдаг гэж Японы судлаачид үзэж байгаа аж.

 

Одоогийн байдлаар Японы хүн амын 50 гаруй хувь нь “COVID-19”-ийн вакцины хоёр тунд бүрэн хамрагджээ. Тус улс Их Британи-Шведийн “AstraZeneca” компани, Америк-Германы “Pfizer-BioNTech” консорциум, мөн Америкийн “Moderna” компанийн вакцинаар хүн амаа дархлаажуулж байгаа юм.

 

Связанные новости