3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэгт тэтгэмж олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-09-29 15:58:50

Увс /МОНЦАМЭ/. Ажил, хөдөлмөр эрхлэхгүйгээр 3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэг халамжийн нэгдсэн систем /ehalamj.mn/-ээр дамжуулан цахимаар болон сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж, тэтгэмжид хамрагдах боломжтой байна.

"Гурав хүртэл насны хүүхдээ асарч буй эцэгт Халамжийн нэгдсэн сангаас тэтгэмж олгохоор болсон. Тэгэхдээ дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

-Ажил, хөдөлмөр эрхлэхгүйгээр 3 хүртэлх насны хүүхдээ асарч байх. Хүүхэдтэйгээ оршин суугаа хаягийн нэг бүртгэлтэй байх. 

-Хүүхдийн эхтэй гэрлэлтийн баталгаатай байх. 

-Хүүхдийн эх 3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдаагүй байх зэрэг шаардлагыг хангасан тохиолдолд тэтгэмжид хамрагдах юм. 

  Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас тухайн эцэг дээрх шалгуурыг хангасан эсэхийг холбогдох байгууллагуудын төрийн мэдээлэл солилцооны системд үндэслэн автоматаар шалгана. Харин иргэний зүгээс хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай мэдээллийг Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид хандаж Эрүүл мэндийн даатгалын системд бүртгүүлэх, эцэгт тэтгэмж олгох тухай хүүхдийн эхийн хүсэлтийг нотариатаар баталгаажуулан цахим хэлбэрт шилжүүлэн системд оруулах шаардлагатай. 

Одоогоор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас тэтгэмжид хамрагдах иргэдийн хүсэлтийг авч эхлээд байна" хэмээн аймгийн ХХҮГ-ын дарга Д.Цогт-Очир мэдээллээ.

Связанные новости