Африкийн 15 орон хүн амынхаа 10 хувийг вакцинжуулах зорилтод хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БРАЗЗАВИЛЬ. /Xinhua/. Африкийн 15 орон буюу тус тивийн орнуудын гуравны нэг нь л “COVID-19”-ийн вакцинд хүн амынхаа 10 хувийг бүрэн хамруулаад байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ пүрэв гарагт мэдээллээ. Энэхүү зорилтыг тавдугаар сард болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганы үеэр дэвшүүлсэн юм.
Бүгд Найрамдах
Ардчилсан Конго Улсын нийслэл Браззавиль хотноо төвтэй, ДЭМБ-ын Африкийн бүсийн
асуудал хариуцсан газрын мэдээлснээр, Сейшелийн арлууд, Маврики хүн амынхаа
60-аас дээш хувийг, Марокко 48 хувийг, Коморос, Кабо-Верде 20-иос дээш хувийг бүрэн
вакцинжуулаад байна.
Мөн Өмнөд Африк,
Тунис зэрэг есөн орон есдүгээр сарын эхээр хүн амынхаа 10 хувийг вакцинжуулсан
бол вакцины нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор өөр зургаан орон энэ
сард уг зорилтод хүрэх төлөвтэй байна.
Дэлхийн эрүүл
мэндийн ассамблейн чуулганаар есдүгээр сарын 30 гэхэд дэлхийн бүх улс орны хүн
амын 10 хувийг вакцинжуулах зорилт тавьсан юм. Тийнхүү одоогоор өндөр орлоготой
орнуудын 90 орчим хувь нь энэхүү зорилтыг биелүүлээд байна.
Есдүгээр сард
Африк “COVID-19”-ийн 23 сая
тун вакцин хүлээн авсан нь зургаадугаар сарынхаас 10 дахин өссөн үзүүлэлт
болжээ. Гэсэн хэдий ч Африкийн ердөө 60 сая иргэн вакцины бүрэн тунд хамрагдаад
байгаа нь дэлхийн хэмжээнд тарьсан зургаан тэрбум гаруй вакцины хоёр хувьтай тэнцэж
байгааг ДЭМБ анхааруулжээ.
“Энэ оны эцэс гэхэд
хүн амын 40 хувийг бүрэн вакцинжуулах ДЭМБ-ын зорилтод хүрэхэд урт зам хүлээж
байна. Вакцины нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч улс орнуудын төлөвлөгөө тодорхой бус
байгаа нь Африкийн вакцинжуулалтын үзүүлэлтийг хойш татаж буй гол асуудал хэвээр
байсаар байна” гэж ДЭМБ-ын Африкийн бүсийн асуудал хариуцсан газрын Дархлаажуулалт,
вакцины хөтөлбөрийн зохицуулагч, доктор Ричард Михиго ярьжээ.
Есдүгээр сарын 26
хүртэлх долоо хоногт Африкийн 34 оронд 1800 орчим хүн халдварын улмаас нас барсан
байна. Мөн коронавирусний “Дельта” хувилбар Африкийн 39 оронд, “Альфа” хувилбар 45 оронд, “Бета”
хувилбар 40 оронд тус тус илэрчээ.
“Хэдийгээр “COVID-19” халдварын тохиолдлын тоо буурах хандлагатай
байгаа ч амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих зэрэг халдвар
хамгааллын дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Ялангуяа
вакцинжуулалтын түвшин сул байгааг орнуудад” гэж Р.Михиго онцлон хэлжээ.