Цар тахал дундаж наслалтыг бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-10-01 16:17:13

ЛОНДОН. /Reuters/. COVID-19” цар тахал 2020 онд хүн амын дундаж наслалтыг Дэлхийн II дайнаас хойш хамгийн их хэмжээгээр бууруулж, Америк эрчүүдийн дундаж наслалт хоёр жил гаруйгаар буурсныг Оксфордын их сургуулийн судлаачид тогтоожээ.


Тодруулбал, дэлхийн 29 орны 22-т нь дундаж наслалт 2019 оныхоос дунджаар зургаан сар гаруйгаар буурсан байна. Европын орнууд, АНУ, Чили зэрэг орнуудыг хамарсан энэхүү судалгааны дүнгээс үзэхэд 29 орны 27-д дундаж наслалт буурсан дүн үзүүлжээ.


Оксфордын их сургууль өөр өөр орнуудад дундаж наслалт ийнхүү буурсныг “COVID-19”-ийн улмаас нас барсан хүмүүсийн албан ёсны тоон үзүүлэлттэй холбон тайлбарлаж байна. “Reuters” агентлагийн мэдээллээр, дэлхийн даяар коронавирусний халдварын улмаас таван сая орчим хүн нас баржээ.


Судалгаанд дурдсанаар, ихэнх оронд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс илүү хэмжээгээр буурснаас Америк эрчүүдийн дундаж наслалт 2019 оныхоос 2.2 жилээр буурсан байна. Ерөнхийд нь авч үзвэл, 15 оронд эрэгтэйчүүдийн дундаж наслалт нэг жилээр буурсан бол эмэгтэйчүүдийн хувьд 11 оронд ийм үзүүлэлт ажиглагджээ. 

Связанные новости