ОХУ-д коронавирусний халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
МОСКВА. /RT/. ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт коронавирусний халдвар авсан болон нас барсан хамгийн олон тохиолдол бямба гарагт бүртгэгдсэн байна. Дээд үзүүлэлтүүд гурван өдөр дараалан шинэчлэгджээ.
Тодруулбал, бямба гарагт “Ковид-19”-ийн халдварын 33 208 тохиолдол бүртгэгдсэн бол өмнөх өдөр нь 32 196 шинэ тохиолдол илэрчээ. 10 дугаар сарын 14-ний пүрэв гарагт өдөрт илэрсэн тохиолдлын тоо 30 мянга давсан байна.
Түүнчлэн нэг өдөрт бүртгэгдсэн нас баралтын тохиолдлын тоо дээд үзүүлэлтэд хүрч, 1002 болжээ. Баасан гарагт 999 хүн нас барсан бол 10 дугаар сарын 14-ний пүрэв гарагт 986 хүн нас барсан нь мөн хамгийн олон тохиолдол болж байв.
Халдварын хамгийн олон шинэ тохиолдол Москва, Санкт-Петербург болон Москва мужид бүртгэгджээ. Москва хотод 6545, Санкт-Петербургт 3088, Москва мужид 2403 шинэ тохиолдол илэрсэн байна.
Тус улсад коронавирусний халдварын тохиолдлын тоо есдүгээр сарын эхээр эрс нэмэгдэж, 10 дугаар сард хурдацтай өсөж эхэлжээ.