ДЭМБ: Европт “COVID-19”-ийн өвчлөл таван долоо хоног дараалан өслөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /VOA/.
Европт “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо таван
долоо хоног дараалан өссөн үзүүлэлттэй гарлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн
байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлэв.
“COVID-19”-ийн тархалтын талаарх долоо хоног тутмын тайланд дурдсанаар, 10 дугаар сарын 25-31-нд дэлхийн хэмжээнд халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос гурван хувиар өсжээ.
Тодруулбал, Европт өвчлөл хамгийн их буюу зургаан хувиар, Америкт гурван хувиар, Номхон далайн баруун бүсэд хоёр хувиар өссөн байна. Харин бусад бүс нутагт буурч, Газар дундын тэнгисийн зүүн бүсэд хамгийн их буюу 12 хувиар, Африк, Зүүн Өмнөд Азид тус тус есөн хувиар буурчээ.
Европт халдварын шинэ
тохиолдлын тоо нэмэгдэж буй нь ОХУ-д өвчлөл ихсэж байгаатай холбоотой байна. Оросын коронавирустэй тэмцэх штабаас лхагва гарагт мэдээлснээр, сүүлийн 24 цагийн
хугацаанд халдварын 40443 тохиолдол илэрч, 1189 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн
хамгийн өндөр үзүүлэлтүүд болжээ. Ингэснээр сүүлийн долоо хоногт халдварын шинэ
тохиолдлын тоо тав дахь удаагаа дээд үзүүлэлтэд хүрсэн байна.