Бахрейн коронавирусний “Evusheld” эмийг хэрэглэхийг зөвшөөрсөн анхны улс болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-11-15 10:54:55

КАИР. /TASS/. Бахрейны эрх баригчид Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн бүтээсэн короонавирусний “Evusheld” (AZD7442)  эмийг яаралтай хэрэглэхийг зөвшөөрлөө гэж "BNA" агентлаг мэдээлжээ.


Тус улсын эрүүл мэндийн салбарын зохицуулагч байгууллга “AstraZeneca” компаниас өгсөн шаардлагатай бүх мэдээллийг шалгаж үнэлсний дараа холбогдох шийдвэрийг гаргажээ. Бахрейн улс шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн “COVID-19” өвчний уг эмийг хэрэглэхийг зөвшөөрсөн анхны орон болсныг “BNA” онцолсон байна. 


“Эсрэг биетийн коктейл” гэж нэрлэгддэг “Evusheld” эмийг Бахрейны 18-аас дээш насны, гол төлөв дархлаа нь суларсан, мөн ажил мэргэжил нь халдвар авах эрсдэлтэй шууд холбоотой иргэд хэрэглэх боломжтой. 


Уг эмийг тиксагевимаб ба цилгавимаб гэсэн хоёр моноклональ эсрэг биетүүдийн холимгоор хийжээ. Энэхүү эм нь “COVID-19” өвчнөөр хөнгөн төдийгүй хүнд өвдсөн хүмүүст өндөр үр дүнтэй болохыг туршилтуудынх нь үр дүн харуулсан гэж BNA онцлон тэмдэглэжээ.


"Эсрэг биетийн коктейль" нь “SARS-CoV-2” коронавирусний халдвар авсны дараа өвчин хүндрэхээс "урьдчилан сэргийлэх зорилгодоо хүрлээ" гэж “AstraZeneca” компани 10 дугаар сарын 10-нд мэдээлжээ. “AZD7442" эмийн туршилтад голчлон “COVID-19”-ийн хүнд хэлбэрээр өвчлөх өндөр эрсдэлтэй өвчтөнүүд, тэр дундаа хавсарсан өвчнөөр өвчилсөн хүмүүсийг хамруулсан байна.


1.7 сая хүн амтай Бахрейн улсад коронавирусний халдварын 245 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 1 393 өвчтөн халдварын улмаас нас баржээ.


Тус улс вакцинжуулалтын үзүүлэлтээр дэлхийд дээгүүрт орж байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээгээр, вакцины эхний тунг 1 183 392 хүн, хоёр дахь тунг 1 147 983 иргэн, нэмэлт тунг 491 482 хүн хийлгэсэн байна. 


Связанные новости