Берлиний эмнэлгүүд ковидын улмаас төлөвлөгөөт мэс заслаа хойшлуулж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЕРЛИН. /TASS/. “COVID-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдийн тоо нэмэгдсэний улмаас ХБНГУ-ын нийслэл Берлин хотын бүх эмнэлэг төлөвлөгөөт мэс заслуудаа хойшлуулж байна гэж “Der Tagesspiegel” сонин мэдээлжээ.
Берлиний “Charite”, “Vivantes” эмнэлгүүд энэ долоо хоногт төлөвлөсөн мэс заслаа хойшлуулснаа хамгийн түрүүнд мэдэгджээ. Үүний дараахан бусад эмнэлгүүд ч мөн төлөвлөгөөт хагалгаагаа хойшлуулж буйгаа мэдэгдсэн байна. “Бүх эмнэлэг төлөвлөгөөт мэс заслаа хойшлуулж байна. Берлиний эмнэлгүүд одоо бүрэн хямралын горимд ажиллаж байна” гэж Берлиний эмнэлгүүдийн холбооны дарга Марк Шрайнер “Der Tagesspiegel” сонинд мэдээлжээ. "Ойрын өдрүүд, долоо хоногуудад эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоо эрс нэмэгдэх төлөвтэй байна" гэж тэрбээр хэлсэн байна.
Одоогийн байдлаар Берлиний эмнэлгүүдэд коронавирусний халдвар авсан 600 орчим хүн эмчлүүлж байгаагаас 176 нь эрчимт эмчилгээний тасгуудад хэвтэж байгаа аж.
Германд коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо сүүлийн нэг хоногт 42727-гоор нэмэгдэж, 75 хүн нас барлаа гэж Роберт Кохын нэрэмжит вирус судлалын хүрээлэн ням гарагт мэдээлжээ. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 5 354 942 болсон бол нас баралтын тохиолдлын тоо 99 062-т хүрсэн байна.