АНУ-д халдварын шинэ тохиолдлын гурван хувийг “омикрон” хувилбар эзэлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /VOA/.
АНУ-д коронавирусний “омикрон”
хувилбар тархаж байгааг урьдчилсан мэдээлэл харуулж байгаа ч одоогоор хэрэглэж
буй вакцинуудын нэмэлт тун шинэ хувилбарын эсрэг үр дүнтэй байгааг Цагаан ордны
“COVID-19”-тэй тэмцэх ажлын
хэсэг мэдээлжээ.
Өвчинд хяналт
тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ дарга Рошель Валенскийн мэдээлснээр, “омикрон”
АНУ-ын 36 муж улсад илэрч, улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт тохиолдлын тоо
гурван хувийг эзэлж байна. Гэхдээ Нью-Йорк, Нью-Жерси зэрэг муж улсад энэ үзүүлэлт
өндөр байгаа бөгөөд шинэ тохиолдлын 13 хувийг эзэлж байж магадгүй байна.
Түүний тайлбарласанаар,
АНУ-д илэрч буй халдварын тохиолдлуудын дийлэнх буюу 96 хувь нь “дельта”
хувилбараар халдварласан байгаа бол судалгааны эхний шатны дүн мэдээллээр “омикрон”
хувилбар “дельта”-гаас хурдан тархаж, халдварын тохиолдлынх нь тоо ойролцоогоор хоёр
хоногт хоёр дахин нэмэгдэж байна.
Цагаан ордны
эрүүл мэндийн ахлах зөвлөх Энтони Фаучи, “COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан төлөөлөгч Жефф
Зиентс нарын оролцсон хэвлэлийн бага хурлын үеэр Р.Валенский холбогдох мэдээллийг
эш татан вакцины нэмэлт тунд хамрагдах нь шинэ хувилбарын эсрэг тэмцэх хамгийн шилдэг
арга гэдгийг цохон тэмдэглэжээ.
“Нэмэлт тун “омикрон”
хувилбарын эсрэг үр дүнтэй байна. Одоогийн байдлаар шинэ хувилбарт зориулсан
нэмэлт тун шаардлагагүй” гэж Э.Фаучи хэлжээ.
Мөн Р.Валенский
АНУ-ын асрамжийн газруудад хийсэн судалгаагаар вакцинд огт хамрагдаагүй юм уу
нэмэлт тунг тариулаагүй хүмүүсийн “COVID-19”-өөр халдварлах эрсдэл нэмэлт тунд хамрагдсан
хүмүүсийнхээс 10 дахин өндөр байгааг тогтоосныг мэдээлжээ. Э.Фаучигийн хувьд нэмэлт тун “омикрон”-ы эсрэг
үйлчлэх эсрэг биетийн хамгаалалтыг 35 дахин нэмэгдүүлж буйг бодит байдалд
хийсэн олон судалгаа харуулж байгааг эш татсан байна.
Цагаан ордны “COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан
төлөөлөгчийн мэдээлснээр, “CDC”-гийн статистик мэдээллээс үзэхэд вакцинд хамрагдаагүй хүмүүсийг вакцинд
бүрэн хамрагдсан хүмүүстэй харьцуулахад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэл нь
найм дахин, “COVID-19”-өөр
нас барах эрсдэл нь 14 дахин өндөр байна. Мөн “Yale” их сургуулийн шинэ судалгаагаар АНУ-ын
вакцинжуулалтын хөтөлбөр 10.3 сая хүнийг эмнэлэгт хэвтэхээс сэргийлж, 1.1 сая
хүний амь насыг аварсныг тогтоожээ.
АНУ-д 12 дугаар
сарын эхний хоёр долоо хоногийн хугацаанд 26 сая тун вакцин тарьснаас 14 сая хүн вакцины
нэмэлт тунд хамрагдсан байна. Ингэснээр тус улсын 200 сая гаруй иргэн вакцинд бүрэн
хамрагдаж, 55 сая гаруй хүн нэмэлт тунг тариулаад байгаа ажээ.