Өмнөд Африкт хөл хорих цагийг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-12-31 16:52:25

ПРЕТОРИА. /VOA/. Өмнөд Африкт “COVID-19”-ийн “омикрон” хувилбараас үүдэлтэй халдварын дөрөв дэх давлагааны оргил үе өнгөрсөн тул шөнө дундаас үүрийн 4 цаг хүртэл хөл хорих шийдвэрийг цуцаллаа гэж тус улсын Засгийн газраас пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.


Гэхдээ олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх журмыг үргэлжлүүлэн мөрдөх бөгөөд Өмнөд Африкт амны хаалт зүүгээгүй тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа юм. Эрх баригчид цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалтын түвшин, эмнэлгийн ачаалал зэргийг харгалзан хөл хорих цаг тогтоох тэргүүтэй бусад журмыг хэрэгжүүлж байгааг Үндэсний ассамблейн гишүүн Мондли Гунгубеле мэдэгджээ.


Пүрэв гарагт болсон Засгийн газрын хуралдааны дараа гаргасан мэдэгдэлд, улсын хэмжээнд цар тахлын дөрөв дэх давлагааны оргил үе өнгөрснийг халдварын үзүүлэлтүүд харуулж байна хэмээн тэмдэглэсэн байна. Эрүүл мэндийн яамны мэдээллээр, 12 дугаар сарын 25 хүртэлх долоо хоногт илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоог өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 29.7 хувиар буурчээ.


COVID-19” халдварын 3.5 сая орчим тохиолдол илэрч, 91 мянга гаруй хүн халдвараар нас барсан Өмнөд Африк нь Африк тивийн орнуудын дундаа халдварт хамгийн их нэрвэгдсэн оронд тооцогдож байгаа юм. Хэдийгээр “омикрон” хувилбарын халдварлах чадвар өндөр ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийнх нь үзүүлэлтийг халдварын өмнөх давлагаануудтай харьцуулахад бага байгааг мэдэгдэлд мөн дурджээ.  

Связанные новости