Японд өдөрт нэг сая нэмэлт тун вакцин тарихыг зорьж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ТОКИО. /Mainichi/. Япон коронавирусний халдварлах чадвар өндөр “омикрон”
хувилбарын тархалтын шинэ давлагааг сааруулахын тулд энэ сарын дунд үеэс дархлаажуулалтын
хөтөлбөрөө түргэтгэж, өдөрт нэг сая нэмэлт тун вакцин тарихыг зорьж байна гэж
тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио даваа гарагт мэдэгджээ.
Японд өдөрт
шинээр илрэх халдварын тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногт анх удаа 100 мянга
давсан юм. Харин вакцины гурав дахь тунг өнгөрсөн 12 дугаар сарын эхэн үеэс тарьж
эхэлснээс хойш нийт 125 сая хүн амын ердөө 5.9 хувь буюу 7.47 сая орчим хүн нэмэлт
тунд хамрагдаад байгааг Засгийн газрын тоон мэдээлэл харуулж байна.
Энэ нь хүн амынх нь 50-иас дээш хувь нь нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдаад буй Их
Британи, Франц, Германаас хол хоцорсон үзүүлэлт юм. “Засгийн газар тодорхой
зорилтыг дэвшүүлснээр вакцинд хамрагдах хүсэлтэй хүмүүсийг аль болох ойрын
хугацаанд дархлаажуулах боломжтой болно” гэж К.Фүмио парламентын хуралдааны
үеэр мэдэгджээ.
“Вакцины гурав
дахь тун “омикрон” хувилбараар халдварлан шинж тэмдэг илрэх, улмаар хүндээр
өвчлөхөөс сэргийлэх ач холбогдолтой” гэдгийг тэрбээр мөн нэмж хэлээд,
компаниуд, их сургуулиудад хоёрдугаар сарын дунд үеэс нэмэлт тунг тарьж эхэлнэ
гэсэн байна.
Үүнээс гадна Засгийн газар Токио тэргүүтэй 12 мужид тогтоогоод буй “COVID-19”-тэй тэмцэх чангатгасан арга хэмжээг мөрдөх хугацааг гурван долоо хоногоор сунгах талаар хэлэлцэж байна гэж Засгийн газрын эх сурвалжууд даваа гарагт мэдээлжээ. Энэ талаарх эцсийн шийдвэр пүрэв гарагт гарах төлөвтэй байна.
Өмнө нь Засгийн
газар халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг хоёр долоо хоногоор сунгахаар
төлөвлөж байсан ч даваа гарагт халдварын 68039 шинэ тохиолдол илэрснийг
харгалзан халдварын тархалтыг хяналтад авахад хангалтгүй байж магадгүй гэж
үзжээ.
Шинээр илэрсэн
тохиолдлуудын 12 211 нь Токиод бүртгэгдсэнээр долоо хоногийн дундаж үзүүлэлт нь 18
193-т хүрч, өмнөх долоо хоногийнхоос 20 хувиар өссөн байна.