“Омикрон” хувилбарын эсрэг тусгайлан гарган авсан нэмэлт тун шаардлагагүй байж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /DW/. АНУ-ын Засгийн газрын судлаачид “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцины нэмэлт тун болон “омикрон”
хувилбарын эсрэг тусгайлан гарган авсан нэмэлт тунг сармагчингууд дээр туршихад
дорвитой ялгаа ажиглагдаагүй нь шинэ хувилбарын нэмэлт тун шаардлагагүй байж
магадгүй болохыг харуулжээ.
Холбогдох
салбарын мэргэжилтнүүд хараахан хянан нягтлаагүй байгаа энэхүү судалгаанд “Moderna”-гийн вакцины хоёр тунг тарьсан
сармагчингуудыг хамруулж, хоёр дахь тунд хамрагдсанаас нь хойш есөн сарын дараа
уг вакцины нэмэлт тун болон “омикрон”-д зориулсан нэмэлт тунгаар дархлаажуулсан
байна.
Судлаачдын
мэдээлснээр, хоёр нэмэлт тунгийн аль аль нь бүх хувилбарын эсрэг “саармагжуулах
эсрэг биетийн түвшнийг нэмэгдүүлж” байгаа нь тогтоогджээ.
“Энэ бол маш сайн
мэдээ. Учир нь бид вакциныг “омикрон” хувилбарын эсрэг үйлчилгээтэй болгон
өөрчлөх шаардлагагүй байж магадгүй болохыг харуулж байна” гэж судалгааны багийн ахлагчдын нэгээр
ажилласан Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн вакцины судлаач
Дэниел Дуэк мэдээлснийг “Reuters” агентлаг уламжилжээ.
Судалгаанд
оролцоогүй микробиологи, дархлаа судлалын профессор Жон Мурын ярьснаар,
сармагчингуудад хийсэн судалгааны давуу тал нь судлаачид амьтдад нэмэлт тунг
тарьж, дараа нь вирусээр халдварлуулан дархлааны хариу урвалыг хэмжсэнд оршиж
байна.
Тэрбээр үргэлжлүүлэн,
цаашид хүний биед ямар үр дүн ажиглагдахыг судлах хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглээд,
хэдийгээр сармагчингуудын мэдээлэл дээр үндэслэн ерөнхийдөө таамаглах боломжтой
ч хүний биед хэрхэн үйлчлэхийг нь судлах хэрэгтэй гэж нэмж хэлжээ.
“Moderna”, “Pfizer” компанийн аль аль нь вакцинуудынхаа “омикрон”-ы
эсрэг нэмэлт тунг хүмүүсийн биед туршиж эхлээд байгаа юм.