Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээгээр Орхон аймаг улсад дөрөвт эрэмбэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-02-10 09:12:12
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилготой.

Харин Орхон аймгийн хувьд авлигаас урьдчилан сэргийлэх хүрээнд аймгийн Засаг дарга, төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд 6 зорилт бүхий 25 арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлжээ. Аймгийн хэмжээнд дэвшүүлсэн 6 зорилт нэг бүрийн хэрэгжилтийг дүгнэхэд 95.6 хувьтай гарсан байна. Мөн төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны хөтөлбөр, төсөв санхүү, бараа, ажил үйлчилгээний худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн ил тод байдал, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн байна. 

2019 онд төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээгээр Орхон аймаг 76.6 оноогоор 5 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол 2021 онд 76.5 оноогоор дөрөвдүгээр байрт оржээ. 

Связанные новости