Уртын гол багт 260 айлын орон сууц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-02-10 12:02:56
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга С.Батжаргал Хот байгуулалт барилга захиалагчийн албанд ажиллаж дахин төлөвлөлт болон орон сууцны төслүүдтэй танилцлаа.

Орхон аймаг Эрдэнэт хотод ирэх жилүүдэд хот суурин газрыг дахин хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд томоохон ажлууд хийнэ. Тодруулбал, Тамир зочид буудлын урд гаражууд болон 5-р микрийн гражийн газруудыг дахин төлөвлөлтөд оруулж үйлчилгээний зориулалттай барилга болон орон сууц барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ. 

Мөн гэр хорооллын хэд, хэдэн байршилд орон сууц барихаар төлөвлөсөн байгаа юм. Үүний эхлэл болгож Уртын гол багт 18000 метр квадрат талбайд 260 айлын 5 давхар 5 блок барилгын ажлыг эхлүүлсэн. Одоо Цагаанчулуут багийн 49-53-р гудамжны 82 өрхийн газрыг дахин төлөвлөлтөд оруулж орон сууцжуулахаар судалгаа хийж байна. Үүний дагуу тус багийн иргэдтэй уулзалт хийж санал хүсэлтийг нь сонсч байгаа талаар ХББЗА-аас мэдээллээ. 

Түүнчлэн Ихалуу багт багш нарт зориулсан хороолол,  Эрдэнэ багт жишиг орон сууц, Баянцагаан багт Эрчим хороолол, Дөмөг захын урд залуус хороолол байгуулахаар  төлөвлөсөн. Үүний бүх зураг төсвийг гаргаж танилцуулах үүргийг Засаг дарга холбогдох байгууллагуудад өглөө. Мөн “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд барих хүүхдийн тоглоом, Баянцагаан багийн ИШС, Наран багийн соёлын төвүүд зэрэг удаашралтай, олон жил дамнасан ажлуудыг яаралтай дуусгахыг үүрэг болгов. 

 

Связанные новости