Д.Содномжамц: Нэг литр усны үнэ 50 мөнгөөр нэмэгдсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-02-13 18:41:54
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн айл, өрх албан байгууллага хэрэглээний халуун, хүйтэн ус, халаалтын мөнгөө өөрсдөө төлж эхэлсэн. Өнгөрсөн 1 дүгээр сарын хэрэглээний дүн энэ сарын эхээр бодогдож гарсан. Харин олон нийтийн цахим сүлжээнд иргэдийн зүгээс байрны мөнгө өмнөх саруудаас өндөр дүнтэй гарсан байна хэмээн шүүмжилж буй. Иймд энэ асуудлаар “Эрдэнэт Ус, Дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн Ерөнхий инженер Д.Содномжамцаас тодрууллаа.


-Айл өрхийн нэгдүгээр сарын хэрэглээний мөнгө өмнөх саруудаас нэмэгдсэн үү? Ямар нэгэн алданги тооцсон зүйл байгаа юу?

-“Эрдэнэт Ус, Дулаан түгээх сүлжээ” ОНӨХК айл өрхийг халаалт, цэвэр ус, цахилгаанаар хангаж, байнгын ажиллагааг хариуцдаг. Бидний ярьж заншсанаар байрны мөнгөнд хэд хэдэн төрлийн үйлчилгээний хөлс багтдаг. Тухайлбал халаалт, халуун ус, цэвэр ус, бохир ус татан зайлуулсны хөлс, цахилгааны үнэ, хуурай хог, СӨХ-ны мөнгө зэргийг тооцдог. Халаалт, дулааны мөнгө нь тухайн байрны талбайн хэмжээнээс хамаардаг. Айл өрхийн дулааны мөнгийг 1м.кв тутамд 500 төгрөгөөр тооцдог. Харин халуун усны төлбөр тухайн өрхийн ам бүлийн тооноос хамааран тогтмол дүнгээр бодогддог. 

Харин “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн тогтоолоор 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг нэмсэн. Нэг литр усны үнэ 1 төгрөг 10 мөнгө байсныг 1 төгрөг 60 мөнгө болгож 50 мөнгөөр нэмсэн. Өөрөөр хэлбэл 1 тонн /1м3/ усны мөнгө 1600 төгрөг болсон. Тухайн өрх сард дунджаар 5м3 ус хэрэглэсэн гэж үзвэл өмнө нь 5500 төгрөг төлж байсан бол одоо 8000 төгрөг төлнө гэсэн үг юм.

Харин айл өрхийн хэрэглээний зардалд алданги тооцоогүй усны үнэ, хуурай хогийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор айл, өрхийн байрны мөнгө нэмэгдсэн дүнтэй байгааг үгүйсгэхгүй. 
-Засгийн газраас айл өрхийн хэрэглээний дулаан, ус, хогийн мөнгийг 1 жилийн хугацаанд хариуцан төлсөн. Тухайн хугацаанд зөрүү мөнгө
буюу лифт ашигласны төлбөр, СӨХ-ны мөнгө зэргийг иргэд өөрсдөө төлж байсан. Бүтэн жилийн хугацаанд зөрүү мөнгөө төлөөгүй айл өрхийн хуримтлагдсан төлбөр байгаа юу?

-2020.12.01-нээс 2021 оны 12.31 хүртэл айл өрхийн хэрэглээний мөнгийг төр хариуцан төлсөн. Энэ хугацаанд зөрүү мөнгөө төлөөгүйгээс төлбөрийн хуримтлал үүссэн тохиолдол бий. Хуримтлагдсан дүнг иргэн төлөх үүрэгтэй. Харин хөнгөлөлтийн хугацаанд ямар нэгэн алданги тооцоогүй. Энэ сараас эхлэн нөхөж төлөөгүй тохиолдолд алданги тооцоод явна.

-Гэр хорооллын айл өрхийн хэрэглээний усны үнэ өөрчлөгдсөн үү?

-Өөрчлөгдөөгүй нэг литр усны үнэ 3 төгрөг хэвээрээ байгаа. Гэр хорооллыг усаар хангадаг нийт 80 худаг бий. Эдгээр худгаар дамжуулан айл өрхийг хэрэглээний усаар хангахад  өртөг зардал нь нэг литр тутамд 10 төгрөг байдаг. Үүнд усыг олборлон, дамжуулах, түгээх зардал багтдаг. Харин манай байгууллага хэрэглэгчдэдээ нэг литр ус тутмыг 3 төгрөгөөр тооцон олгож байна. Ингэснээр литр ус тутамд 7 төгрөгийн алданги үүсдэг. Ойролцоогоор нэг жилд 900 гаруй сая төгрөгийн алданги үүсдэг бөгөөд Эрдэнэт Ус, Дулаан түгээх сүлжээ компани өөрсдөө хариуцсаар ирсэн.

-Лифтний үнийг 20 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлаар иргэдээс санал асуулга авсан. Иргэдийн санал асуулгын дүн гарсан уу?

-Манай байгууллага 19 лифтний ашиглалт, үйлчилгээг хариуцдаг. Лифт ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх хэд хэдэн шаардлага тулгарсан. Одоо нэг өрхөөс 10 мянган төгрөг хураадаг. Гэвч лифтний засвар үйлчилгээ, ажилчдын цалин хөлсийг тооцон олгоход санхүүгийн асуудал үүссээр ирсэн. Мөн цахилгааны үнэ тариф нэмэгдсэн, цалингийн доод хэмжээ өссөн зэрэг шалтгаанаас үүдэн лифтний үнийг 20 мянган төгрөг болгохоор иргэдээс санал авсан. 890 орчим айл өрхөөс санал авахад 53 хувь нь зөвшөөрсөн. Тиймээс энэ асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон. Хэрэв энэ асуудал шийдэгдчихвэл ирэх сараас лифтний үнэ 20 мянган төгрөг болно. 


 

 

Связанные новости