“Novavax” ЕХ-ны орнуудад вакцинаа нийлүүлж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-02-24 11:01:04

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын “Novavax” компани “COVID-19”-ийн вакцинаа Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудад нийлүүлж эхэлсэн талаараа лхагва гарагт мэдэгджээ. Франц, Австри, Герман зэрэг улс нь уг вакциныг хүлээн авсан эхний орнууд болох төлөвтэй байна.


Тус компанийн Нидерланд дахь нийлүүлэлтийн төвөөс ЕХ-ны бусад орнууд руу “Nuvaxovid” вакциныг нийлүүлэх ажил цаашид мөн үргэлжлэх бөгөөд ингэснээр “омикрон” хувилбарын тархалтын улмаас өвчлөл нэмэгдэх болоод буй бүс нутгийн вакцины нөөцийг нэмэгдүүлнэ.


“Novavax”-ын рекомбинант уургийн вакциныг “Pfizer/BioNTech”, “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцинуудтай харьцуулахад илүү нотлогдсон технологийг ашиглажээ. “Nuvaxovid”-ын эхний тунгуудыг “Novavax”-ын түнш, Энэтхэгийн “Serum” хүрээлэнд үйлдвэрлэсэн талаар тус компани мэдээлжээ.


Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хувьд “Novavax”-ын вакцин нь матрицын рибонуклейн хүчилд суурилсан вакцинуудад шүүмжлэлтэй хандан вакцинд хараахан хамрагдаагүй байгаа хүмүүсийг дархлаажуулахад хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж буй юм.


“Европт “Nuvaxovid” вакцинаар дархлаажуулах хөтөлбөр ойрын өдрүүдэд эхэлнэ гэдгийг бидний өнөөдрийн мэдэгдэл харуулж байна. “Novavax” Европ даяар вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлэх “COVID-19”-ийн вакцины өөр сонголтыг бий болгож байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Стэнли Эрк мэдэгджээ.


ЕХ “Novavax” компанийн вакциныг 18 болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэх зөвшөөрлийг өнгөрсөн оны 12 дугаар сард олгосон бөгөөд 100 сая тун вакцин нийлүүлэн авах гэрээнийхээ хүрээнд энэ оны эхний улиралд 27 сая тун вакцин татан авах ажээ. 

Связанные новости