Японы Токио тэргүүтэй 14 мужид халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг сунгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-03-03 11:58:37

ТОКИО. /Kyodo/. Японд коронавирусний “омикрон” хувилбарын тархалтын улмаас “COVID-19”-ийн өвчлөл урьдчилан таамаглаж байснаас удаан буурч байгаатай холбоотойгоор Засгийн газар нийслэл Токио хот тэргүүтэй 14 мужид халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг сунгах төлөвтэй байна гэж холбогдох албаны төлөөлөгчид лхагва гарагт мэдээлжээ.


Тодруулбал, зоогийн газар, шөнийн цэнгээний газруудад ажиллах цагаа богиносгох, согтууруулах ундаагаар үйлчлэхээ зогсоох юм уу хязгаарлах шаардлага тавьж буй дүрэм журмыг гуравдугаар сарын 21 хүртэл сунгаж магадгүй байна. Засгийн газар мэргэжилтнүүдийн ажлын хэсэгтэй зөвлөлдсөнийхөө дараа баасан гарагт албан ёсны шийдвэр гаргах ажээ.


Тэдгээр 14 мужид Осака, Аичи, Хоккайдо болон Токиотой зэргэлдээ оршдог Чиба, Канагава, Сайтама багтаж байна. Одоогоор Японы 47 мужийн 31-д нь халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Засгийн газар 11 мужид цуцлах төлөвтэй байгаа бол таван мужид хэрхэн нь тодорхойгүй байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.


“Өвчлөл хотын бүс нутагт өндөр хэвээр байгаа бол орон нутагт ийм хандлага ажиглагдахгүй байна” гэж Эрүүл мэндийн сайд Шигэюки Гото эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн уулзалтын үеэр мэдээлжээ. Засгийн газрын “COVID-19”-ийн асуудал хариуцсан зөвлөх Шигэрү Омигийн хэлснээр, өвчлөл өндөр хэвээр байгаа нь нэмэлт тунгийн дархлаажуулалтын явц удаашралтай байгаатай холбоотой байна. 

Связанные новости