ОРХОН: 14 дүгээр сургуулийн төгсөгчид ХБНГУ-д үнэ төлбөргүй сурах боломж нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-06 13:59:56
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр/МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль ХБНГУ-ын Тюриген мужийн Мэргэжлийн сургуульд зуучлах байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгууллаа.  

Тус муж нь мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг бөгөөд өнгөрсөн жил 14 дүгээр сургуулийн нэг төгсөгч Германд нэг жилийн хугацаатай суралцсан байна. Иймд уг туршлагад үндэслэн Тюриген мужийн Мэргэжлийн сургуульд зуучлах байгууллагатай  гурван жилийн гэрээ байгуулжээ.

14 дүгээр сургууль нь 2013 оноос Германы Гадаад дахь Ерөнхий боловсролын сургуулиудын асуудал хариуцсан төв”-ийн /ZFA/ дэмжлэгтэйгээр герман хэлний сургалтыг явуулж эхэлсэн юм. Дөрвөн жилийн хугацаанд герман хэлний анхан шатны А1, А2 түвшний шалгалтын эрх,  2017 оноос В1 түвшний шалгалт авах эрхтэй болжээ.   

2013 оноос хойш  нийт 30  төгсөгч ХБНГУ-д сурсан байна. Сурагчдын дийлэнх нь Герман улсын Майнц их сургуульд сурдаг бөгөөд 1-2 хүүхэд л тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг аж. Уг сургуульд сурахад байр, хоол, унааны зардалд нийт 11 мянган евро буюу 40 орчим сая төгрөг шаардлагатай тул герман хэлэнд тэнцсэн ч эдийн засгийн байдлаасаа болоод цөөн хүүхэд сурдаг байна.

Харин Тюриген мужийн Мэргэжлийн сургуульд зуучлах байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсны үр дүнд сурагчид 40 сая төгрөг төлөхгүйгээр зөвхөн онгоцны зардлаа өөрсдөө хувиасаа төлөөд сурах боломж нээгдэж байгаа юм.

14 дүгээр сургуульд энэ жил герман хэлний төгсөх ангийн 24 сурагч байгаагаас В2 түвшний шалгалтад тэнцсэн хоёр сурагч байна. Сурагчид 4 дүгээр ангиасаа герман хэлний гүнгийрүүлсэн сургалттай ангид элсэн орох боломжтой юм.


 

Связанные новости