ОРХОН: Гэр хорооллын 19.2 га газарт орон сууц барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/.
Орхон аймгийн ИТХ, ЗДТГ агаарын бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг
багасгах болон Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Орлогод
нийцсэн орон сууц” төслийг хэрэгжүүлж байна.
Үүнд Баянцагаан
багийн 8.5 га газарт Эрчим хороолол, Уртын гол багийн 1.8 га газарт 260 айлын
орон сууц, Их-Залуу багийн 1.8 га газарт “Багш” хороолол, Найрамдал багийн 3
га, Оюут багийн 4.1 га газарт орон сууц барина. Эдгээр орон сууцыг гэр
хороололд барьж байгаагаараа онцлог юм.
Үүнээс Уртын гол багийн
1.8 га газарт 260 айлын орон сууцны хорооллыг өнгөрсөн онд эхлүүлсэн бөгөөд 5
блок байрны 3 нь ирэх зургаадугаар сард ашиглалтад орно. Тус орон сууцны нэг
м.кв талбайг 1.9 сая төгрөгөөр үнэлж иргэдэд худалдана. Эхний ээлжинд 3 блок
байрны 100 гаруй орон сууцыг худалдах бөгөөд үүнээс олсон орлогоороо дараагийн 2 блок барилгыг барих ажээ.
Орхон аймаг “Хот суурин
газрыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн
хүрээнд Цагаанчулуут, Уурхайчин, Говил багт нийт 36.1 га газарт Хэсэгчилсэн
ерөнхий төлөвлөлт буюу дахин төлөвлөлтийн төсөл, Баянцагаан, Уртын гол, Их-Залуу,
Найрамдал, Оюут багт нийт 19.2 га газарт “Орлогод нийцсэн орон сууц” төсөл, Эрдэнэ, Оюут багт нийт 54 га газарт “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны
хороолол” төслийг хэрэгжүүлж байна.
Орхон аймаг 29
мянган өрхтэй. Үүний 17 мянга нь гэр хороолод амьдардаг. Иймд гэр хороололд
орон сууцны хороолол барьж утааг багасгаж яндангийн тоог цөөрүүлэхээр зорьж
байгаа аж.