ӨВӨРХАНГАЙ: Р.Дуламсүрэн: Франц эмч нартай хамтран улсад жишиг болохуйц олон ажлыг хэрэгжүүлсэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг Франц Улсын Аллиер мужтай ах дүүгийн харилцаа тогтоогоод 23 жилийн нүүр үзэж байна. Хоёр аймгийн хамтын ажиллагааны үр дүнд үүсгэн байгуулсан АПАУ нийгэмлэг өнөөг хүртэл Өвөрхангай аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. “Өвөрхангай – Аллиер нийгэмлэг” ТББ-ын тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Р.Дуламсүрэнтэй ярилцлаа.
- Өвөрхангай
аймаг анх Аллиер мужтай хамтын ажиллагаа тогтоож байсан түүхээс дурсахгүй юу?
Мэдэх хүн цөөн байх.
- АПАУ нийгэмлэгээс өмнө Санте-сюд буюу Францын “Дорнын
эрүүл мэнд” гэх байгууллагатай манай аймаг 1994 оноос эхлэн хамтарч ажилладаг
байсан. Энэ байгууллагын дэмжлэгээр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний
гурван блок байр барьж байлаа. Энэ ажлын дагуу Францаас жил бүр нэг эмч, нэг
инженер манай аймагт ирж ажилладаг байсан.
Хамгийн сүүлд 1999
онд Аллиер мужаас Даниел эмч ирж
ажиллаад буцахын өмнө манай гэрээр ирж, надтай уулзаад ах, дүү хотын төсөл
бичиж хэрэгжүүлэх талаар өөрийн саналыг ярьсан. Ингээд намайг төсөл бичих,
бичсэн төслийг маань өөрийнх нь орчуулагчаар ажиллаж байсан З.Дэмидбалыг
орчуулах хүсэлт тавиад энэ төслийг Аллиер мужийн Ерөнхий зөвлөлд танилцуулж
ажил хэрэг болгоно гээд явж байлаа.
Удалгүй, 2000 оны 10 дугаар сард Ерөнхий зөвлөл нь Департментийнхээ хамт 5 хүний бүрлдэхүүнтэй ирж аймагтай танилцаад хамтран ажиллах анхны гэрээг байгуулж байв. Тэр үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.Батмөнх дарга энэ үйл ажиллагааг их дэмжиж байсан. Ингээд Даниель Дэвин эмч, түүний орчуулагч “ДМД Монгол ХХК”-ийн захирал З.Дэмидбал болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлаар ажиллаж байсан миний бие хамтраад АПАУ нийгэмлэгийг байгуулж, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй юм.
- Олон жил
тогтвортой хамтарч ажиллахад таны үүрэг оролцоо маш их байсан гэж бодож байна. Өнгөрөгч
онд хамтын ажиллагааны 20 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ олон жилийн ажлын үр дүн юу байв?
- Анхны жилүүдэд буюу 2001-2004 онд эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг орон нутагт нэвтрүүлэхэд маш үр дүнтэй ажилласан. 2002 оны 3 дугаар сарын 22-нд Засгийн газрын тогтоолоор аймгийн эмнэлэг Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болж өргөжөөд 1.2 тэрбум төгрөгийн үнэтэй 117 төрлийн 165 ширхэг тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Гэтэл тэр төхөөрөмжүүдийг ажиллуулах нарийн мэргэжлийн эмч нар болон мэргэжилтнүүд дутмаг байсан учраас Аллиер мужаас нарийн мэргэжлийн эмч нарыг дөрвөн жилийн турш аймгийн БОЭТ-д авчирч ажиллуулж байв.
Үүний үр дүнд улсад анхдагч болсон хэд хэдэн ажлыг аймгийнхаа эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж байлаа. Тухайлбал, франц эмч нартай хамтран чихний хэнгэрэг нөхөх хагалгаа, нүдний болор суулгах хагалгаа, эмэгтэйчүүдийн кесар хагалгааны шинэ технологи, хэсэг газрын мэдээ алдуулалт зэрэг туршлагуудыг аймагтаа нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгч, улсад жишиг ажил болж байв.
Дараа нь нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг боломжийн боллоо гэж үзээд 2004 оноос эх, нялхсын тусламж үйлчилгээг эхлүүлсэн. Хөдөөгийн эмэгтэйчүүдийг жирэмсний хяналтад эрт хамруулах, эх, нялхсын эндэгдлийг бууруулах чиглэлээр 2007 он хүртэл хамтран ажилласан.
Энэ нөлөөгөөр улсын
1-р төрөх эмнэлгийг АПАУ нийгэмлэгтэй холбож өгч, Д.Өнөржаргал эмчийн
санаачилгаар “Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны төв”-ийг Монголд анх удаа тус
эмнэлэгт байгуулсан юм. Үүнтэй зэрэгцээд оюутан солилцооны хөтөлбөрийг
хэрэгжүүлж, Дарханы Анагаах ухааны коллежийг, мөн Эх нялхсын эмнэлгийг холбож
өгч байлаа.
Энэ мэтчилэн АПАУ нийгэмлэгийн шугамаар зөвхөн боловсон хүчнийг сургаад зогсохгүй, аймгийн БОЭТ-ийн барилгыг барихад 400 гаруй мянган франц франкийн хөрөнгө оруулалт хийж, 27 мянган еврогийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг суурилуулж байсан.
Энэ бүх үйл ажиллагааг аймагтаа төдийгүй улсад үр дүнтэй хэрэгжүүлсэн учраас 2005 онд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан хэмээх хүндтэй цолоор намайг шагнасан. Би 28 жил аймгийн Нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн захирлаар ажиллаж байхдаа нэг удаа л өртэй гарч байсан. Нийгэмлэгийнхээ шугамаар Францаас янз бүрийн хэрэгсэл, багаж төхөөрөмж, антибиотик хүртэл авчихдаг байсан учраас өртэй гаргадаггүй байлаа.
Гадны хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр тууштай ажиллаж, Австралийн Адвентистчуудын холбоо, Чехийн Каритас, Германы Христосийн холбоо, Италийн Wopsec гээд гадны олон байгууллагатай холбоо тогтоогоод эмнэлгийнхээ хэрэгцээг хангачихдаг байсан.
- АПАУ
нийгэмлэг бусад салбарт хэр үр дүнтэй ажиллав?
- Хөдөө аж ахуйн төсөл 2003-2008 оны хооронд боломжийн
хэрэгжсэн. Хархорины газар тариалангийн аж ахуйг түшиглээд улаанбуудай, царгас,
ногоон тэжээл гээд хэд хэдэн төрлийн үр тариалсан ч хоёр, гурван жил
үргэлжилсэн ган болж, олигтой ургаагүй. Гэхдээ Хархорины агрономич Д.Гэнэндулам
газар тариалан, хүлэмжийн аж ахуйн төслийг үргэлжүүлж, ёстой бор зүрхээрээ авч
яваа.
Боловсролын салбарт ч их юм хийсэн. Богдын сургуулийн дотуур байрыг засварлаж, устай болгосон. Богд сумыг эрчим хүчний нэгдсэн шугамд холбогдоогүй байхад нь салхинаас эрчим хүч авах станцтай болгож өгсөн. Дараа нь Тарагтын Туяа багийн эмнэлэг, Баян-Өндөр, Баянгол, Уянга, Бат-Өлзий, Хархорин сумын эмнэлэг, сургуулийн засвар гээд хөрөнгө оруулалтыг нэлээн хийсэн дээ.
- Сүүлийн
жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэх чиглэлээр түлхүү ажиллаж
байна уу?
- Намайг БОЭТ-ийн захирлаар ажиллаж байх үед аймгийн
хэмжээнд 10 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байснаас гурван мянгаад нь
төрөлхийн хөдөлгөөний, сонсголын, уураг тархины бэрхшээлтэй хүмүүс байсан. Тийм
учраас эрүүл мэнд, эх нялхсын тусламж үйлчилгээтэй зэрэгцээд 2003 оноос эхлэн
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусламж үзүүлэх баг ирдэг болсон.
Төслийн үр дүнд
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэх тал дээр ахиц гарсан гэж бодож
байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цэцэрлэг улсын хэмжээнд дөрөв байдгийн нэг нь Арвайхээр суманд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн
сургуульд суралцах боломж, нөхцөлийг ч бүрдүүлж байна.
- АПАУ
нийгэмлэгийн шугамаар манай аймгаас Франц явж туршлага судласан олон хүн бий
байх?
- Хамгийн анх 2001 онд аймгийн Засаг дарга асан О.Батмөнх,
ЗДТГ-ын дарга Ж.Шоовдор, Богд сумын сургуулийн захирал Р.Ганбат, миний бие,
орчуулагч З.Дэмидбал, Б.Лхагвачулуун гээд 6 хүний бүрэлдэхүүнтэй баг Франц улс руу
айлчлал хийж байсан. Түүнээс хойш манай улсаас 154 хүн явж, Франц талаас
200-гаад хүн ирсэн байна. Зөвхөн манай аймгийнхан биш, хамтран ажилладаг бусад
байгууллагаас ч явж туршлага судалсан.
Тухайлбал, 1-р
төрөхийн 6 эмч, эх нялхсын төвийн нэг эмч Францад сурч, мэдлэг, мэргэшлээ
дээшлүүлж байлаа. Аймгийн БОЭТ-өөс эмэгтэйчүүдийн ЭХО, хэвлийн хөндийн ЭХО-оор
хоёр эмчийг сургасан. Мөн БОЭТ-ийн удирдлагын залгамж халааг бэлдэх бодлогоор
А.Эрдэнэтунгалагийг маркетингийн менежерээр хоёр сар сургаж байсан юм. 2014 онд
Аллиер мужид Өвөрхангай аймгийг сурталчлах соёлын өдрүүд болж, аймгийн театрын
уран бүтээлчид, Болор–2 бүжгийн хамтлагийнхан, бизнес эрхлэгчдийн 30 хүн аймгаа сурталчлахаар явж байлаа.
Иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд АПАУ нийгэмлэг их хувь нэмэр оруулж ажилласан. Үүнийг Европын холбоо, хоёр улсын Элчин сайдын зүгээс үнэлдэг, бас дэмжиж ажилладаг.
-
Одоо 8
хүний бүрэлдэхүүнтэй баг Аллиер мужаас ирсэн байна. Ажлын төлөвлөгөө, зорилго,
цаашдын үйл ажиллагааны талаар ярилцъя?
- АПАУ нийгэмлэгийн дэд тэргүүн, нарийн бичгийн дарга, их
эмч, нийгмийн ажилтан, сувилагч, хөдөлгөөн засалч, сэтгүүлч зэрэг 8 хүний
бүрэлдэхүүнтэй баг Өвөрхангай аймагт 20 хоногийн турш ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх,
эрүүлжүүлэх, тэдний эцэг, эхэд мэдлэг олгох чиглэлээр ажлаа үргэлжлүүлж дүгнэж
байна.
Цаашид ч эдгээр
төслүүдээ үргэлжлүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах чиглэлээр
багш нар бэлтгэхийн тулд Францад сургана. Мөн аймгийн Политехникийн коллежийн
тогооч, нарийн боовны ангийг холбож өгч, энэ чиглэлээр хамтарч ажиллахаар
ярилцаж байна. Манайхаас хүн сургахад хэлний асуудал их байдаг. Франц байтугай,
англи хэлтэй хүн ховор шүү дээ.
Ер нь бол Франц талаас хийж байгаа ажлыг сайн нутагшуулж үлдээсэй, манайхан санаачилгатай хандаасай. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сайхан төв байгуулаасай гэж л хүсдэг дээ.
Таныг
яагаад мадам Дум гэдэг юм бэ?
- Ах, дүү хот болох төслийг богино хугацаанд сайн бичсэн
гээд Оросын төрийн Думын нэрээр мадам Дум гэдэг болсон юм. Даниель эмчийн өгсөн
нэр л дээ. Даниель Дэвин эмч Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарыг
бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулсан хүн. Нарийн мэргэжлийн эмч нарыг Өвөрхангайд
авчрах, манай эмч нарыг Францад сургахад маш их үүрэг гүйцэтгэсэн.
Ер нь аливаа үйл
ажиллагааг тогтвортой, амжилттай авч явахад хүн хоорондын харилцаа, идэвх
оролцоо их чухал байдаг. АПАУ нийгэмлэгийн төслийг 20 гаруй жилийн турш
тогтвортой авч явахад олон хүн хувь нэрээ оруулсан. Аймгийн үе үеийн
удирдлагууд дэмжиж ирлээ. Мөн говийн бүсэд амжилттай хэрэгжихэд нь Богд сумын
ЕБС-ийн захирлаар ажиллаж байсан Р.Ганбат, хангайн бүсэд Хархорины Г.Дүншиг эмч
маань маш их туслалцаа үзүүлж байсан.
Манай гэр бүлийн
хүн маань ч энэ ажлыг их дэмждэг байлаа. Зарим үед Францаас ирсэн хүмүүсээ
гэртээ хүлээж авах ч шаардлага гарна. Миний хувьд АПАУ нийгэмлэгийг бэхжүүлэх,
хөгжүүлэхийн төлөө үлдсэн бүх ажил, амьдралаа зориулна даа.
- Ярилцсанд
баярлалаа. Танд эрүүл энх, сайн сайхныг, ажлын амжилтыг хүсэн ерөөе.