ӨВӨРХАНГАЙ: МСНЭ-ийн салбар зөвлөлөөс яруу найргийн наадам зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр /МОНЦАМЭ/. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ-ийн Өвөрхангай аймаг дахь салбараас яруу найргийн “Яруу үзэг” наадмыг уламжлал ёсоор зохион байгууллаа.
Наадамд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга, Сант, Нарийнтээл, Тарагт, Есөн-Зүйл, Арвайхээр сумаас гадна Дархан-Уул, Орхон, Говь-Алтай аймгийн найрагчид ирж оролцон яруу шүлгийн уянгаар үзэгч олноо баясгалаа.
Наадмыг Утга зохиолын зүтгэлтэн бөгөөд
МЗЭ-ийн шагналт зохиолч На.Пүрэв, МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт
яруу найрагч Д.Өсөх-Эрдэнэ, “Мөнгөн хүрхрээ” наадмын тэргүүн, дэд байрын шагналт
яруу найрагч, сэтгүүлч Ц.Одончимэг нар шүүн тунгаасан агаад Дархан-Уул аймгаас
ирж шүлгээ сойсон Х.Алагаа тэргүүн байрт шалгарлаа.
Мөн Арвайхээр сумаас оролцогч, яруу найрагч Я.Жаргал дэд байр, Говь-Алтай аймгийн найрагч Г.Хосбаяр гутгаар байр эзлэсэн бол яруу найрагч Д.Эрдэнэбат, Г.Өнөболд нар айргийн тавд шалгарсан юм.
Жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдөр тохиодог Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан аймгийн Сэтгүүлчдийн салбар зөвлөлөөс урлаг соёлын үйл ажиллагаа, спортын тэмцээн, сайн үйлсийн аян, ахмад сэтгүүлчдэдээ хүндэтгэл илэрхийлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн эхлүүлээд байгааг салбарын тэргүүн М.Болорцэцэг хэлэв.