ӨВӨРХАНГАЙ: Хорио цээрийн пост байгуулж, отроос ирэх малд үзлэг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-05 15:48:29

Арвайхээр /МОНЦАМЭ/. Хөрш зэргэлдээ аймгуудад малын гоц халдварт цэцэг, мялзан зэрэг өвчлөл гарсантай холбогдуулан отроос ирэх малд хяналт, үзлэг шинжилгээ хийх Хорио цээрийн пост байгуулахаар төлөвлөж байгааг аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.


Тухайлбал, төвийн болон зүүн, говийн аймгуудаар оторлосон малчид нутаг буцаж ирэхээр бэлтгэл хангаж байгаа юм. Бүрд сумын нутаг Тарнын гүүрээр 12 сумын 169 малчин өрх, Баянгийн даваагаар 13 сумын 156 малчин өрх,  Баян-Өндөр сумаар 13 сумын 160 өрх, Сант сумын Борхошууны даваагаар 13 сумын 102  малчин өрх дамжин орж ирэх аж. Тиймээс тус газруудад хорио цээрийн пост байгуулж, малын үзлэг оношилгоог хийн нэвтрүүлснээр халдварт өвчлөлийн эрсдэлийг бууруулна хэмээн Мал эмнэлгийн газрын дарга А.Нямдаваа хэллээ.


Одоогоор Өвөрхангай аймаг мал, амьтны гоц халдварт өвчингүй, тайван нөхцөлд байгаа ба шүлхий, мялзан өвчний тандалт шинжилгээг санамсаргүй аргаар сонгогдсон 17 сумын 30 малчин өрхийн 480 малд хийж, ийлдэсний дээжид лабораторийн шинжилгээ хийгээд байна.

Харин 2023 он гарсаар мал, амьтны галзуу өвчний 6 тохиолдол 5 суманд бүртгэгдсэн бөгөөд тухайн голомтуудыг халдваргүйжүүлжээ. Галзуу өвчний үүсгэгч нь зэрлэг амьтны шүлсэнд агуулагдаж байдаг ба мал, амьтныг шархлуулсан тохиолдолд шархнаас  халдварладаг. Галзуугийн вирустэй амьтад нь шөнө 30-40 км газарт явдаг учраас голомтыг тодорхойлох боломжгүй байдаг аж.

Связанные новости