Дорнодод барилгын тусгай зөвшөөрөлтэй 50 гаруй ААН ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-21 14:31:42

Нэгэн жарныг элээсэн Дорнодын Их барилгын түүх тэртээ 1956 оноос эхтэй. Дорнод аймагт энэ салбар өрхөө татаж, үүдээ нээсэн энэ үе хүний амьдралын нэг үетэй дүйцэхгүй ч ололт амжилт, бүтээн байгуулалт нь хэмжээлшгүй юм.

Түүх сөхвөл,  Дэлхийн хоёрдугаар дайны дараа тухайн үеийн Баянтүмэн хотод барилга байгууламж хомс, тэр үед тус хотод байрлаж байсан Зөвлөлтийн 17-р горнизоны барилга, бага, дунд сургууль, Үйлдвэр хоршооны артель, хүнсний трест, төрийн хэдэн байгууллагаас хэтрэхгүй байжээ.

Тухайн үеийн орон нутгийн удирдлага хотоо орчин үеийн уурын халаагууртай болгоход төр засгаас хөрөнгө татах арга замыг эрэлхийлж, үүний тулд Баянтүмэн хотыг Монгол улсын төр, засгийг удирдаж байсан Хорлоогийн Чойбалсангийн нэрээр нэрлэх нь зүйтэй гэж үзэж 1940 оны 10-р сард аймгийн Яамны 13-р хурлаас Баянтүмэн хотыг БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрээр нэрлэх шийдвэрийг гаргажээ. Ингээд ард иргэд, олон нийтийн болон аймгийн төр, засгийн байгууллагын саналыг үндэслэн Ардын хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Баянтүмэн хотыг Чойбалсан хот гэж нэрлэхээр тогтсон байна.

Дайн дууссаны дараа бусад аймгаас эн түрүүн Чойбалсан хотыг тохижуулахад хөрөнгө оруулж, Чойбалсан аймгийн захиргаа, намын хорооны конторын барилгыг бариулах, тус хотод 500 хүний суудалтай клубын барилгад Сайд нарын Зөвлөлийн бэлтгэл хөрөнгөнөөс эхний ээлжинд 800 мянган төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж байсан гэдэг. Тухайн үед барилгын мэргэжлийн байгууллага, машин механизм байгаагүй учир бүх нийтийн “субботник” хэлбэрээр барилгын ажлыг түргэтгэж, энэ ажилд тус хотод байрлаж байсан цэргийн ангийн дайчид бие бүрэлдэхүүн оролцсон байдаг.

1957 онд “Барилгын арван” гэх бүтцийг өөрчилж Хөдөө аж ахуйн барилгын 4 дүгээр контор байгуулагдсан энэ үеэс Дорнод аймгийн барилгын салбарын түүхийн хуудас сөхөгдсөн гэж үздэг. Тэр үед тус трест 80 гаруй ажилтан ажиллагсадтай, 10 орчим автомашинтай, гар ажиллагаатай шавар зуурагч нэгтэй, жилд 1,2 сая төгрөгийн барилга угсралтын ажил хийж байжээ.

1972 оноос аймгийн Барилга угсралтын конторыг Хэнтий, Сүхбаатар аймгийн барилга конторыг харьяалсан Дорнодын Техник туслалцааны барилгын YII трест болон өргөтгөж, ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар нүүдлийн механиксан цувааг ирүүлж байжээ.

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Дамдинбазар ойн хуралд тавьсан илтгэлдээ Дорнод аймгийн барилгын салбарын ой бол Зөвлөлтийн барилгачдын бахархлын өдөр байх учиртайг онцолж байсан.

Өнөөдөр Дорнод аймагт барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага, авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөлтэй 2, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй 3 аж ахуйн нэгж байгууллага ажиллаж байна.

Түүхэн тэмдэглэлт энэ ойд тус газрын хамт олон болон аймгийн Барилгачдын холбооныхон ихээхэн ач холбогдол өгч Дорнодын барилгын салбарт ажиллаж байсан, энэ салбартай ажил, амьдралаа холбосон үе үеийнхний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, Дорнодын барилгын салбарын түүхийг өгүүлсэн “Нэгэн жарны замналтай Дорнод Их барилга-Их бүтээн байгуулалт” ном бүтээж,  барилгачдын сүлд дуутай болж, баримтат кино, цуврал нэвтрүүлэг хийж олны хүртээл болгов.

Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд Улсын барилгын хорооны дарга Дамдинжавын Майдар, Барилга, барилгын материалын үйлдвэрийн Яамны орлогч сайд асан Лхамын Цэрэндондог нарын олон алдар гавьяатнууд Дорнод нутгаас төрөн гарчээ. 

Б.Туяа   

 

Связанные новости