СЭЛЭНГЭ: Хатан хараа ээж

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-27 10:40:07

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын түүхт 100 жилийн ойн хүрээнд “Түүх бүтээсэн нэгэн зуун” сэдэвт сумын уул, устай холбоотой домгийг цувралаар хүргэж байна.


Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн нэгэн гол бол Бурхан Халдун уулын зүүн хойд талаас эх аван урсах Хараа гол юм. Түүхийн сурвалж бичгээс үзэхэд анхны нэрээрээ байгаа гол бол Хараа аж.


Хангай ханы том хүү хань бараа халуун амиараа цувран тогтсон уулс толгодоо орхиж, говьд очиж хаан сууна хэмээн зарлажээ. Энэ үг том бага их уулсаа цуурайлж тэднийг тун ч эвгүй байдалд оруулсан гэнэ. Ээж нь ихэд мэгдэн сандарч агь гангын үнэр ханхалсан, идээшиж дассан нутаг нугаа орхин явна гэдэг яахан болох вэ? Миний хүү даанч дээ. Хүний газар жаргахаар өөрийн нутагт үхсэн дээр гэдэг шүү хэмээн учирлажээ. Хүүдээ ухааруулах гэж эх хүний уян сэтгэлээр хандавч арслангийн ааштай хүү арганд нь орсонгүй.


Бэрээ дуудаж явах зүг чигийг нь байнга харж бай гэж гэнэ. Бага хүүдээ ахынхаа замыг хэрээд битгий явуулаарай гэж захижээ. Нутаг нугадаа багтахаа байсан хүүдээ голгүй гомдсон эх нь их хөндийгөөс хүүгээ харуулдан зогсохдоо гурваар дарсан гэзгээ тайрч аваад шидэж гэнэ. Хаясан гэзэг нь тахиралдаж мухиралдаж явсаар голын эрэг болчихжээ. Хүүгээ гэсэн эхийн  сэтгэлийн нулимс мэлмэрсээр байгаад гол болон урссан гэдэг.


Хараа барааны газраас хүүгээ харуулдан байж сэтгэлээ ариусгасан тэр голыг "Хараа" хэмээн нэрлэжээ. Нэр төр хөөцөлдөж говьд очиж хаан суухаар явсан хүү нь талд ганц уул болон тогтож "Ширхэнцэг" нэртэй болжээ. Хараа голын хойд захад тогтсон Ширхэнцэг уулыг урдаас нь харахад хөлөө жийгээд хэвтэж байгаа арслангийн дүртэй харагддаг. Ахыгаа явуулахгүй хэмээн хэрж зогссон дүү нь Хэрх уул болжээ. Хаашаа явахыг нь нүд цавчилгүй байнга харж байсан бэр нь "Дууш" хэмээх уул болсон гэдэг.


Энэхүү домгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын түүхэн товчоон номд  Б.Бямбасүрэн бичиж үлдээсэн байна.

Связанные новости