"Анна Каренина" сонгодог жүжгийн тасалбар худалдаанд гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-18 11:37:27

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. УДЭТ-ын уран бүтээлчид дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина" жүжгийг тайзнаа тавдугаар сарын 1-нээс тоглоно. Уг жүжгийн тасалбар худалдаанд гарлаа.


Тоглолтын тасалбар суудлын зэрэглэлээс хамаарч 30-120 мянган төгрөгийн үнэтэй.

Энэ удаагийн тоглолтоос эхлэн Аннагийн дүр шинэчлэгдэж буйгаараа онцлогтой Шинэ бүрэлдэхүүнтэй тоглох тус жүжгийн Анна Каренинад залуу жүжигчин О.Хонгорзул дүр бүтээх бол Алексей Вронскийн дүрд Т.Сэргэлэн хэвээр байх юм.


Энэхүү романыг жүжгийн зохиол болгон Н.Пүрэвдагва бичсэн бол продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ  Н.Наранбаатар, зураачаар УГЗ Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор МУСТА Ш.Өлзийбаяр нар ажиллаж байна.


Оросын алдарт зохиолч Л.Н.Толстой "Анна Каренина" романыг 1873-1877 онд бичиж, 1878 онд бүрэн эхээр нь анх хэвлүүлсэн бөгөөд утга зохиол шүүмжлэгчид энэхүү зохиолыг бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол хэмээн үнэлсэн билээ.

"Анна Каренина" зохиолыг дэлхийн олон оронд орчуулж, сая сая уншигчдын хүртээл болсон төдийгүй жүжиг, кино болон урлагийн бусад хэлбэрээр олон дахин бүтээгдэж нэр алдрын оргилд хүрсэн сонгодог бүтээл юм. Уг зохиолд гол баатар Анна болон түүний бэр эгч Долли, Доллигийн дүү Кити хэмээх гурван эмэгтэйн хайр дурлал, сонголт, хувь тавилангийн тухай өгүүлнэ.

Анна Каренинагийн хайр сэтгэлийн эмгэнэлт хувь заяа зохиолын гол хөтлөх шугам болно. Ахынхаа гэр бүлийн ээдрээт асуудлыг зохицуулахаар Петербургээс Москваг зорьсон Анна галт тэрэгний өртөөнд Вронксий хэмээх залуухан офицертэй нүүр учирна. Нэгэн хэвийн нам тайван амьдралдаа хэдийн дасан зохицож, бүсгүй хүн гэгч чухамдаа тийм л хувь тавилангаар хорвоог туулдаг жамтай гэж ойлгож явсан Аннагийн энэ учрал түүний дараагаар угтах бүх уулзалт өөрийгөө цоо шинээр харах, улмаар тайлагдахын аргагүй хэрнээ нууцлалг хүсэл тэмүүлэлд автахын хэрээр бодит байдалтайгаа улам бүр зөрчилдөн тэмцэлдэхийн шалтгаан болно гэж огт санасангүй...





Связанные новости