ӨВӨРХАНГАЙ: Монголын хоолойн тэмээгээрээ Өвөрхангай алдартай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өвөрхангай тэмээтэй аймгийн тоонд орох боловч говийн бүсдээ бага тэмээтэйд тооцогдоно. Хангай, говийн бүс хосолсон манай аймгийн хувьд тэмээн сүргийн тоогоор улсдаа Өмнөговь, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Дундговь зэрэг аймгийн дараа зургаадугаарт ордог.
1930 онд 77,6 мянган тэмээтэй байсан бол 1950 онд хамгийн их буюу 83,8 мянгад хүрч байжээ. 2023 оны жилийн эцсээр 20,7 мянган тэмээ тоолуулсан. Хэдий тооны хувьд бага ч Монголын хоолойн тэмээгээрээ Өвөрхангай алдартай. Гучин-Ус сумын нутаг, Их монгол, Бага монгол, Арц богд уулын бэл хөндийг “Монголын хоолой” хэмээн нэрлэдэг бөгөөд энд заг, түнгэ, дэрс, бударгана, харгана гээд тэмээний гол идэш тэжээл болох бутлаг ургамлаар баян юм.
Тиймээс бусад аймаг, сумдын тэмээнээс төлөрхөг, зудад тэсвэртэй, сүү, ноосны гарц сайн гээд хэд хэдэн чухал үзүүлэлтээр илүү болохыг гурван жилийн үржлийн судалгаагаар тогтоожээ.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Монголын хоолойн тэмээн сүргийн генетик тогтцыг тодорхойлж, дүгнэлт гарган “Омог” болгон батлахаар ажиллаж байна. Хэрэв “Монголын хоолой”-н тэмээ албан ёсны үүлдэр болон батлагдвал тус тэмээний төрөлхөг чанар, ноосны гарц, түүхий эд зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд нэг нэршлээр хэвшүүлнэ.
Дэлхийд ховор хос бөхт тэмээн сүрэг,
түүнийг адуулан маллах арга барил бол нүүдэлчин монголчуудын өв
соёл төдийгүй бахархал. Ган, зудад тэсвэртэй, холыг туулах, өл
даах чадвартай, тэвчээртэй, амгалан
дөлгөөн зантай, бэлчээрт гамтай,
байгаль орчинд халгүй тэмээ хэмээх энэ сүрлэг амьтныг монгол малчид л таван
хошуу малынхаа нэг болгон гаршуулж, уналга
эдэлгээнд дуулгавартай болгон сургаж иржээ.
Тэмээ алсын барааг өдөр, шөнө ялгалгүй хардаг, үнэр сайн мэдэрдэг. Ус, худаг, айл бууцыг 30 км-ийн цаанаас мэдэрдэг учраас ямар ч элсэн цөлд баримжаагаа алддаггүй орон зайн мэдрэмж сайтай гэгддэг. Түүнчлэн тэмээ бөхнийхөө өөхийг задлан ус болгож чаддаг. Өдөрт 80 л хүртэл ус уудаг бөгөөд үүнийг гүзээндээ олон хоног хадгалан аажим зарцуулдаг байна. Тиймээс тэмээг ус, өвсгүй байлгахад 56-78 хоног, зөвхөн ус өгөөд хоолгүй явуулахад 86-131 хоног тэсдэг гэдэг.
Мөн
нуруундаа 200-240 кг, тэргэнд хөллөсөн үед 400-500 кг ачаа тээж чаддаг. Жингийн
тэмээ цагт 3.5-4.5 км, хоногт 30-40 км явдаг бөгөөд алсын аянд гурав хоног
яваад нэг өдөр амардаг хэмээн малчдын яриа, эрдэмтдийн судалгаанд дурджээ.