Зам ухаж, дулаан таслахгүйгээр дулааны шугамыг засдаг болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг энэ сарын 16-ны өдрөөс шинэчилж эхэлсэн. Баянгол дүүрэг, “Техник Импорт” ХК буюу Саппорогийн аюулгүйн тойргоос 25 дугаар эмийн сан хүртэлх магистралийн шугамыг өргөтгөн шинэчилж байна.
Дулааны магистраль шугамын шинэчлэх ажлыг зам засвар арчлалттай уялдуулж байна. Ингэхдээ
инженерийн цогц шийдэл
хийхээр зураг төслөө батлан, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар дулааны
сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иуд, засвар шинэчлэлтийг
гүйцэтгэж буй компанитай хамтран 24 цагаар графикийн дагуу ажиллаж байгаа аж.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны
дарга Ц.Төрхүү, “Тодорхой
байршлууд дахь шугамыг хонгилын системд оруулж байна. Цаашид зам ухахгүй, дулаан хязгаарлахгүйгээр засвар, үйлчилгээ, шугам солих боломжтой болж байна” гэжээ.
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Дамжуулах сүлжээний
ашиглалт, засвар, үйлчилгээний албаны дарга Ж.Батмөнх, “Дээрх магистраль шугамыг
1983 онд ашиглалтад оруулсан. Шугамыг
шинэчлэхтэй холбогдуулан энэ сарын 16-ны өдрөөс дулааныг хязгаарласан. Халаалтын улирал эхлэх үе
буюу есдүгээр сарын 15-нд дулаан өгөхөөр төлөвлөж байна” хэмээв.
Нийслэлд нийт
390 гаруй км урт дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд ихэнхийг нь 30-60 жил ашиглажээ.