ОРХОН: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан 800 сая төгрөгийн зээлийн бүртгэл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-08-14 16:48:04
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/.  Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох бүртгэл эхэллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Орхон аймгийн Засаг дарга, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга нарын хамтран ажиллах гэрээний дагуу Орхон аймагт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан 800 сая төгрөгийн зээлийн эх үүсвэр батлагдсан байна.

Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газар энэ сарын 13-аас ирэх сарын 12 хүртэл зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг цахимаар  хүлээн авч байна.  

Зээлийг ноос, ноолуур, барилгын материал, хүнс зэрэг 21 салбар, чиглэлд таван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс нэг жил хүртэл чөлөөлөх нөхцөлтэйгээр олгоно. Мөн хөнгөлөлттэй зээлийг төслийн үндсэн хөрөнгө оруулалтад зориулах ёстой ажээ.

Иймд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хүссэн иргэд төслийн мэдээллээ www.sme.gov.mn илгээх юм. 

Связанные новости