Ариель Ахеарн: Монголд уул уурхайн нийгмийн нөлөөллийг үнэлэх шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-08-19 18:31:22

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дэлхийн нэр хүнд бүхий Оксфордын болон АНУ, Словени, Итали улсын их сургуулийн судлаач, эрдэмтэд манай улсад нүүдлийн өв соёлыг судалжээ.


Дэлхийн нүүдэлчин ард түмний өв соёлыг судалдаг тус багийнхан “Хил хязгааргүй алхам” ТББ-тай хамтран “Монголын нүүдэлчин малчдын ахуй, тогтвортой хөгжилд учирч буй сорилт, эрсдэл” сэдвээр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа.

Судалгааны талаар багийн ахлагч, Оксфордын Их сургуулийн Газар зүйн сургуулийн багш, доктор Ариель Ахеарн танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ, “Манай багт нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг орнуудыг судлаач эрдэмтэд багтдаг.

Бид Монголд энэ оны 7 дугаар сарын 2-ноос судалгаагаа эхлүүлж, сүүлийн нэг сар Америк, Англи, Италийн 7 их, дээд сургуулийн  багш, доктор, профессорууд хөдөөгийн малчин айлуудаар явсан” гэв.




Монгол бол нүүдлийн мал аж ахуй, уул уурхай хосолсон онцлогтой улс юм. Тэр дундаа нүүдэлчин ахуйн соёл, мал аж ахуй яг онгон байгалиараа байна. Иймд цаашид мал аж ахуй, уул уурхай гэсэн энэ хоёр салбарыг яаж зэрэгцүүлэн хөгжүүлж болох талаар судалгаа хийж шийдэл эрэлхийллээ.

Монголд амьдарч буй 3.2 сая хүнийг тэжээхийн тулд уул уурхайн салбарыг хөгжүүлэх шаардлагатай байдаг. Тиймээс бидний хувьд, бидний хийсэн судалгаа шилжилтийн үеийнх юм.  Мал аж ахуй, уул уурхай аль алинд нь дэлхий нийтэд тулгамдаад буй хамгийн чухал асуудал уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байна. Үүнийг зохицуулах тал дээр төр, засгийн оновчтой шийдвэр хэрэгтэй гэв.


Судалгааны багийн Энэтхэг улсын төлөөлөл ой эзэмших эрх, газар эзэмших эрх, үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх чиглэлээр ажилладагаа танилцуулж, Монголд “Хил хязгааргүй алхам” ТББ тай хамтран малчин эмэгтэйчүүдийн эрх ямар байгаа, мөн бэлчээрийн доройтол хэр хэмжээнд байгаа гэсэн чиглэлээр судалгаа хийж байгааг мэдээллээ.


Судалгааны дүнгээр манай улсын хөдөө, орон нутаг дахь экологийн байдал олон улсын стандарт, эрсдлийн үнэлгээгээр ямар гарч байгааг Оксфордын Их сургуулийн Газар зүйн сургуулийн багш, доктор Ариель Ахеарнаас тодруулбал, Монгол Улс өнөөдөр засаглал, байгаль орчны болон нийгмийн үнэлгээр 157 дугаарт жагсаж байгааг хэлсэн юм. Тэрбээр, энэ бол тааруу үзүүлэл гээд, Монгол Улсад өнөөдөр байгаль орчныхоос гадна уул уурхайн салбартай холбоотойгоор нийгэмд үзүүлэх нөлөөлийн үнэлгээг хийх шаардлагатай байгаа нь судалгаагаар харагдлаа гэдгийг онцлон хэлсэн юм.




Словени улсын Люблян хотын Их сургуулийн багш Сара Лунаки байгаль орчны чиглэлээр ажилладаг дотоодын ТББ-ууд олон улсын экологийн байгууллагуудтай хамтран ажиллахад тэдгээрийн үйл ажиллагаа нь төлөвшиж, илүү үр дүнтэй байх болов уу гэсэн асуултад:

-Энэ нь тухайн тухайн байгууллагуудын үйл ажиллагаанаас хамаарна. Хамгийн гол нь хөндлөнгийн хараа хяналт чухал. Мөн дотоодын хууль эрх зүйн хэрэгжилт чухал нөлөөтэй. Энэ бүхэн нь тухайн ТББ-ын үйл ажиллагааг баталгаажуулна гэдгийг онцолсон юм. 

Связанные новости