ӨВӨРХАНГАЙ: Төсөлд хамрагдсан өрх бүр дунджаар хоёр тонн ургац хураана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024
оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ЗДТГ-аас “Сайхан Монголын
өнгө” ТББ-тай хамтран “Ногоо таръя”
төслийг хэрэгжүүлж, нэг га газарт 20 айлыг өрхийн тариалан эрхлэх боломжоор
хангасан байна.
Сумын Засаг дарга Б.Ганбат болон төслийг санхүүжүүлэгч, Швейцарийн Холбооны Улсын “Ла Мэнса Э Ил Грэжжэ” ТББ-ын тэргүүн Томас Рукштул нар өнөөдөр тариалалтын явцтай танилцаж, төслийн хэрэгжилтийг дүгнэлээ. Зорилтот 20 өрх тус бүр хүнсний таван төрлийн ногоо тарьж, дунджаар хоёр тонн ургац хураан авах төлөвтэй байна. Эрүүл, эко, чанартай хүнсээр гэр бүлийн хэрэгцээгээ хангахаас гадна зах зээлд борлуулж, орлого олж байгаадаа тэд баяртай байв.
Төслийг санхүүжүүлэгч багаас ногоочдын үйл ажиллагааг өндрөөр үнэлж, ирэх жил 200 орчим өрхийг төсөлд хамруулна, цаашид гурван жил тогтвортой үргэлжлүүлнэ гэж байлаа.
Төслийн орон нутаг дахь зохицуулагч,
агрономич Д.Батцэнгэл:
“Ногоо тарья” төслийг хэрэгжүүлэхэд Арвайхээр сумын ЗДТГ-аас хашаа хамгаалалттай нэг га газрыг олгож, усны эх үүсвэрээр хангаж өгсөн. Швейцарийн Холбооны Улсын “Ла Мэнса Э Ил Грэжжэ” ТББ-аас 10 гаруй сая төгрөгийн үр бордоо, услалтын системийн тоног төхөөрөмжийг олгосон.
Ингээд 12 багаас сонгогдсон 20 өрхийн гишүүд цаг хугацаандаа маш сайн баг болж ажилласны үр дүнд тариалалтаа 100 хувь ургуулж, эхнээсээ хоёр сая хүртэлх төгрөгийн борлуулалт хийгээд байна. Ургамал хамгааллын арга хэмжээг сайн авч, зэрлэг өвс, хортон шавжтай тэмцэх шаардлага гараагүй учраас бидний ногоо эрүүл, эко.
Сумын ЗДТГ-аас бидэнд худалдаа хийх шовгорын дэмжлэг үзүүлнэ гэсэн учраас "Өглөөний гудамж" болон хүн ихтэй газруудад шовгороо бариад өөрсдийн гар дээрээс хэрэглэгдчийг ногоогоор хангана гэсэн бодолтой байна.
Арвайхээр сумын 2-р багийн иргэн
Ц.Батбаатар:
Манай багийн дарга “Ийм төсөл хэрэгжиж байгаа, оролцож ногоо тарих уу” гэх хүсэлтийг тавьсан юм. Би хашаандаа хэдэн төмс булахаас өөрөөр хүнсний ногоо тарьж үзээгүй.
Харин энэ төсөлд хамрагдаж, ногоо
тарих аргачлалд суралцсандаа сэтгэл өндөр байна. Бидний 20 өрхийг ногоогоо
амжилттай тарих юм бол хойтон 200 айлд энэ боломжийг олгоно гэсэн учраас хариуцлагатай
хандахыг хичээлээ.