"Эрүүл мэнд” хөтөлбөрт 70 сая төгрөг баталжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн хэмжээнд халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Орон нутгийн хөгжлийн сангаас түүнд нийтдээ 70 сая төгрөг баталжээ.
Өсвөр үеийн сурагчдын дунд “Шинэ үе манлайлал” хөтөлбөрийг НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлснээр халдварт болон халдварт бус өвчнөөс өөрийгөө сэргийлэх дадал хандлагыг хүүхдүүдэд хэвшүүлэх боловсрол олгосон байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд багш, сурагч нийлсэн 36 сургагч багш бэлтгэв. Мөн “Эрүүл цус” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулж нөхөн үржихүйн насны бэлгийн идэвхтэй амьдралын 6000 залуусыг үзлэг шинжилгээнд хамруулжээ.
-Манай аймаг хавдрын өвчлөлөөр дээгүүрт явдаг. Эрүүл мэндийн сайдын тушаалд заасан Анагаахын сургуулийн оюутнууд, эрүүл мэндийн болон хүчний байгууллагуудын ажилтнуудыг BC вирусын шинжилгээнд хамруулах зорилгоор судалгаа хийж 1400 гаруй хүнийг хамруулахаар болсон. Үзлэг шинжилгээг 10 дугаар сараас эхэлж, өнөөдрийн байдлаар 703 хүн хамрагдаад байна. Нийгмийн эрүүл мэндийн асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед өвчилсөн хойно нь бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийхийг зорьж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Р.Уранчимэг ярилаа.
Тус аймаг сүрьеэ өвчлөлөөр мөн өндөрт тооцогддог. Орон нутгийн хөгжлийн сангаас уг өвчнийг бууруулах зорилгоор 5 сая төгрөг төсөвлөж, явуулын рентген аппараттай болсноор өвчлөл өндөртэй алслагдсан суманд очиж үзлэг хийснээр 800 хүн уг шинжилгээнд хамрагдаж, тэдний 100 орчимд нь сэжигтэй тохиолдол илэрч эмчилгээнд хамруулахаар болсон байна.
Б.Туяа