ОРХОН: 1А хорооллын дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын 1А хорооллыг ус дулаан, цахилгаанаар хангах дэд төвүүдийг яаралтай ашиглалтад оруулж, иргэд орон сууцандаа орох боломжоор хангахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.
Нийт 1230 айлын орон сууц бүхий тус хорооллыг ус дулаан, цахилгаанаар хангахын тулд дэд бүтцийн зардалд 7,8 тэрбум
төгрөг төсөвлөсөн байдаг. Үүнд ус
дулаан дамжуулах гурван дэд төв, цахилгаан дамжуулах таван дэд станц, хотын
цахилгаан дамжуулах ЦРП 2-ын хүчин чадлыг
нэмэх байв. Тус хорооллын дэд бүтцийн ажлыг гүйцэтгэх
тендерт 2020 онд “Би Энд Би констракшн” ХХК
шалгарч байжээ.
Харин ажил эхлэх үед ковид цар тахал дэгдэж бараа материалын үнийн зөрүү гарч эхэлсний
улмаас гүйцэтгэгч компанийн ажил нь удааширсан байна. Иймд дахин 2,1 тэрбум төгрөгийн төсвийн зөрүүг шийдэх шаардлагатай болж үүний 90 хувийг орон нутгаас санхүүжүүлжээ. Гэвч одоо болтол ажил нь бүрэн дуусаагүй байна.