ОРХОН: "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 1.4 сая мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2024-12-25 22:15:37

Баян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Орхон аймаг нэгдэж, 2030 он гэхэд 20 сая мод тарьж ургуулахаар амлалт авч "Ногоон Эрдэнэт" хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна.


Мөн “Хойд бүсийн хөгжлийн төв”-өөс “Эрдэнэт - Шинэ илгээлт” төслийг санаачлан, энэ хүрээнд аймгийн Засаг дарга болон Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал нар хамтран ажиллах гэрээ байгуулан уг багц төсөлд нийт 12 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Орхон аймаг нийт 84.4 мянга га газар нутагтай бөгөөд үүнээс ойн сан бүхий газар 21.9 хувийг эзэлж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж 35.3 га, хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж 15.1 га байгаа нь 1 хүнд ноогдох байгууламжийн хэмжээ 4.5 м.кв хүрээд байна. 

Нийт айл өрхийн 61 хувь нь гэр хорооллын багуудад амьдарч байгаа нь агаарын болон хөрсний бохирдлын гол нөхцөл шалтгаан болж байгаа юм.


Иймд орчны бохирдлыг багасгах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг сайжруулахад мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой тул “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж ургуулан байгалийн унаган төрхийг сэргээн, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулж, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, таримал ой байгуулахад иргэд, олон нийтийн оролцоог дэмжиж нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 18.0 м.кв-д хүргэж, агаарын чанарыг сайжруулж, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. ​


Мод тарих хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын мод, бут сөөгний тарьц, суулгацны хэрэгцээг хангах зорилгоор жил бүр А.Амарын талбайд мод, бут, сөөгний тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулдаг болсон. 


Орхон аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 1,4 сая мод, бут иргэд байгууллагуудын оролцоотой тариад байна.



Связанные новости