ОРХОН: 260 айлын орон сууцанд орох иргэдийг цахимаар бүртгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-01-20 09:46:46

Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/.Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан “Орлогод нийцсэн орон сууц”-ны А блок буюу дөрөв дэх барилгыг улсын комисс хүлээн авснаар иргэдэд худалдан борлуулахад бэлэн боллоо.


5 блок байрны 2 блок барилга ашиглалтад ороогүй байсан тул нэгдүгээр сарын 23-нд иргэдэд худалдах цахим бүртгэл эхлэхээр болсон байна.


Аймгийн ИТХ-ын хуралдаанаар 260 айлын сууцны байрны 1м.кв талбайн үнийг 1,952,798, авто машины зогсоолын үнийг 2,138,000 төгрөгөөр тогтоон баталж, бага дунд орлоготой төрийн албан хаагч, иргэдэд олгохоор "Неман констракшн" барьж дуусгажээ.


Иргэдэд борлуулахдаа аймгийн ИТХ-аар баталсан “Орлогод нийцсэн орон сууц”-ны журмын дагуу олгоно. Ингэхдээ өөрийн өмчлөлийн газар нь инженерийн хангамжгүй байх, сүүлийн таван жил гэр хороололд амьдарсан, худалдан борлуулах байрны төлбөрийг төлөх санхүүгийн эх үүсвэртэй байх зэрэг шалгуурыг тавих юм.


Энэ удаа өмнөх жишгийн дагуу олон нийтэд нээлттэй ил тод, шударга байх зарчмыг баримталж www.ERDENET.mn  сайтаар бүртгэлийг зохион байгуулах юм.


Цахим бүртгэл нэгдүгээр сарын 23-ны 9:00 цагт нээгдэж, нэгдүгээр сарын 24-ны 18:00 цагт хаагдана. 

Связанные новости