ОРХОН: 5 дугаар хорооллын халаалтын ялтсан бойлерыг өргөтгөж шинэчиллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд ус дулаан дамжуулах 64 төв ажиллаж, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг халаалт халуун, хүйтэн усаар хангадаг. Үүний 52 нь ялтсан бойлертой.
Хүчин чадал нь муудсан зарим ЦТП /дулаан дамжуулах төв/-ийн ялтсан бойлерыг шинэчилж, өргөтгөх ажлыг үе шаттайгаар хийж байна.
Энэ удаа Болзошгүй аваарын зардлын 72 сая төгрөгийн санхүүжилтээр ЦТП 5-3 халаалтын ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ. Тус ЦТП-ийн ялтсан бойлерыг 2008 оны үед суурилуулж байсан анхны ялтсан бойлеруудын нэг юм. Шинэчилж өргөтгөснөөр 5-р сургууль, 5-р хорооллын 10-р байр, 5-р хорооллын 11-р байр, 5-р хорооллын 12-р байр, 5-р хорооллын 13-р байрны 500 орчим айл өрх, аж ахуй нэгжийн дулаан хэвийн боллоо.