ОРХОН: "Хөх төрийн бэрс" түүхэн жүжгийг энэ сарын 25-нд Улаанбаатар хотноо толилуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Орон нутгийн театр чуулгуудаас дан ганц драмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цөөн театр байдгийн нэг нь Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр юм.
Тус театр нь байгуулагдаад 32 жил болж байгаа бөгөөд өөрсдийн урын сангийнхаа 88 дахь уран бүтээл болох Мэргэн сайд Агданбуугийн Амарын тухай өгүүлэх Б.Цогнэмэхийн зохиол “Хөх төрийн бэрс” түүхэн жүжгээ 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн үзэгч түмэндээ хүргэж байв.
Монгол төрийн "Мэргэн сайд" хэмээн алдаршсан төр, нийгмийн зүтгэлтэн Агданбуугийн Амар нь 1928-1930 он,1936-1939 онд БНМАУ-ын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж, тухайн үеийн Монголын хөгжлийн чиг хандлага, бодлогыг тодорхойлж байсан бичгийн их хүн байсан төдийгүй одоогийн Булган аймгийг байгуулах санал, тогтоолыг гаргаж байсан байна.
1989 онд доктор Ж.Болдбаатар “Амар сайд” намтар судлалын анхны бүтээлийг хэвлүүлж байжээ. 2014 онд Эрдэнэт хотын төв талбайг А.Амарын нэрээр нэрлэн хөшөө босгож, 2023 онд Орхон аймгийн ИТХ-ын танхимыг Агданбуугийн Амарын нэрэмжит болгожээ.
2024 оны 11 дүгээр сарын 26-нд Б.Цогнэмэхийн зохиолоор “Хөх төрийн бэрс” түүхэн драмын жүжгийг Эрдэнэт хотын ХЗТ-ын тайзнаа толилуулж, 2025 оны нэгдүгээр сарын 17-нд “Хөх төрийн бэрс” жүжгийг А.Амар сайдын байгуулсан Булган аймагт толилууллаа.
Улмаар үргэлжлүүлэн 2025 оны нэгдүгээр сарын 25-нд Улаанбаатар хотноо Улсын драмын эрдмийн театрт тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байна. Түүхэн жүжгийг ганцхан удаа тоглох юм.