ОРХОН: Хичээнгүй бичгийн аваргаа шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх, албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хослуулан хөтлөн явуулахад бэлтгэн албан хаагчдын дунд монгол бичгээр хичээнгүй бичгийг хэн сайн бичих вэ "Гэгээн бичиг" уралдааныг Эрүүл мэндийн газрын хамт олон дундаа зарласан байна.
Тус уралдаанд Эрүүл мэндийн газрын 20 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн "Эмнэлгийн дотоод халдвар хариуцсан мэргэжилтэн" Чинзоригийн Мөнхзул тэргүүн байр эзэлсэн байна.
Орхон аймгийн хэмжээнд төрийн бүх байгууллага гадна, дотор хаягаа монгол бичгээр бичих, Боловсролын газар, Насан туршийн суралцахуйн төвөөс монгол бичгийн үе шаттай сургалтуудыг албан хаагч нарт тогтмол явуулж байна. Мөн монгол бичгийг албан хэрэглээндээ нэвтрүүлсэн манлайлагч байгууллагуудын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.