АРХАНГАЙ: Аймаг 32.7 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-01-29 14:17:10

Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Архангай аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2024 оны эхний 12 дугаар сард аймгийн төсөвт 58.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 66.5 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 110.2 хувиар биелүүлжээ.


Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 24.6 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 32.7 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 132.9 хувиар биелүүлсэн байна. Төсвийн орлогын төлөвлөгөөг сумд 102-193 хувиар биелүүлсэн байна.

 

Аймгийн төсвийн орлогын 50.9 хувийг тусламжийн орлогоор, 43.2 хувийг орлогын албан татвараар, 5.7 хувийг татварын бус орлогоор, 0.2 хувийг хөрөнгийн орлогын албан татвараар бүрдүүлж байна.


Орлогыг нэр төрлөөр нь үзвэл бууны албан татвар, газрын дуудлага худалдаа, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөр, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр хураамжаас бусад нэрийн орлогыг 6.1-143.6 хувиар давуулан биелүүлжээ.


Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 1.6 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 2.7 тэрбум төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр 62.8 сая төгрөг, ус бохирдуулсны төлбөр 36.4 сая төгрөг, нүүрсний агаарын бохирдлын төлбөр 0.9 сая төгрөг, суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан албан татвар 4.9 сая төгрөг, оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар 2.4 сая бүгд 4.4 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна.


Орон нутгийн төсвийн байгууллагуудын бараа үйлчилгээний зарлагын хэмжээ 49.8 тэрбум төгрөг байгаагийн 42.8 хувийг цалин хөлсөнд, 5.1 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 52.1 хувийг бараа үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ.


Орон нутгийн төсвийн зарлагыг эдийн засгийн салбараар харвал 84.4 хувийг орон нутгийн засаг захиргаанд, 10.8 хувийг боловсролын салбарт, 2.1 хувийг соёлын салбарт, 2.7 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан байна.

Связанные новости