Ойн цэвэрлэгээний ажил хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын амны хязгаарлалтын бүсийн ойн сангийн 30 га талбайд ойн хортонд нэрвэгдсэн, цаашид ургах чадваргүй болсон ойг цэвэрлэх ажил эхэлжээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны А/699 дугаар тушаал, ойн тухай хуулийн 28 дугаар зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 болон 30 дугаар зүйлийг үндэслэсэн аж. Тус цэвэрлэгээний ажилд Хамгаалалтын захиргааны албан хаагчид Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавин ажиллаж байна.
Ойн цэвэрлэгээний ажил хийснээр түймэр болон хортон хөнөөлтөөс сэргийлэх, байгалийн жамаар сэргэн ургах нөхцөл байдлыг бүрдүүлэх ач холбогдолтойг албаныхан онцоллоо.