Ж.Сайнцог: Сэлэнгэ аймгийг 5 дэд бүсээр бүсчлэн хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-22 13:52:52

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөг тав таван жилээр төлөвлөж, аймгийн ИТХ-д өргөн барьж батлуулдаг. Энэ удаагийн хөгжлийн жилийн төлөвлөгөө нь 2020-2025 онд Сэлэнгэ аймгийг хөгжүүлэх нэгдүгээр шатны бодлогын баримт бичгийн сүүлчийн төсөл юм.

Ирэх 2026 онд дараагийн таван жилийн төлөвлөгөөг батална.

 

Энэ талаар аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогтой ярилцлаа.

 

-Аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлагдлаа. Онцлог тусгагдсан, нэмэгдсэн шинэлэг зүйл заалт юу байгаа вэ?

-Сэлэнгэ аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичгээс 40, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөтөлбөрөөс 20, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-аас 1, “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-өөс 16, “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-өөс 280, “Ногоон хөгжлийн бодлого 2030” бодлогын баримт бичгээс 10 заалтуудыг хэрэгжүүлэхээр “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн 4 бүлгийн хүрээнд 283 заалттайгаар боловсруулан аймгийн ИТХ-ын 5-р хуралдаанаар батлууллаа.

 

2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд аймгийг Бэлчир, Орхон, Хараа, Ерөө, Сэлэнгийн бүс гэсэн 5 дэд бүсээр бүсчлэн хөгжүүлэх бодлогыг шинэчлэн, “Хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх бодлогын баримт бичиг-2030”, ”Цагаан алт”, “Нэг суурин, нэг бүтээгдэхүүн”, “Органик Сэлэнгэ” хөтөлбөрүүд, “Бүсийн хөгжлийн 2040 он хүртэлх төлөвлөгөө”, “Аймгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө”, "Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040" болон хот, суурин газрын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө”, “Аймгийн аялал жуулчлалын стратеги төлөвлөгөө”-г боловсруулж, “Ногоон амины орон сууц”, “Түрээсийн орон сууц”, “Сэлэнгэ орон сууц 120 айлын төсөл” хэрэгжүүлж, “Малын эзэн”, “Үүлдрийн эзэн” аян, “Шинэ хоршоо-Чинээлэг” малчин хөдөлгөөн өрнүүлж, “Ногоон сум”, “Ногоон гудамж”, “Ногоон оффис”, “Ногоон ажлын байр уралдаан”-ыг зохион байгуулахаар төлөвлөсөн. 

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа тэрбум мод, хүнсний хувьсгал, мөн Засгийн газраас зарласан атар IV аяны хүрээнд хийх ажлуудаасаа тодруулна уу?

-"Атар IV" аян, “Хүнсний хангамж, аюулгүй байдал", “Шинэ хөдөө төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Иймээс аймгийн газар тариалангийн нийт эргэлтийн талбайг 9550 га-аар, усалгаатай тариалангийн талбайг 100 га-аар нэмэгдүүлж, 7425 га тариалангийн талбайг хашаажуулна.

 

Мөн төмс, хүнсний ногоог хадгалах механикжсан зоорийн багтаамжийг 2000 тн-оор, биотехнологийн дэвшилтэт арга технологийг ашиглан баталгаажсан үүлдэр омгийн малын тоо толгойг нэмэгдүүлж, хээлтэгч, хээлтүүлэгч малыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр оруулсан.

 

Түүнчлэн мах, сүү, жимс жимсгэнэ, өндөг, ургамлын тос, гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр ханган, улсын төмс, хүнсний ногооны хангамжийн 40-50 хувийг үйлдвэрлэхээр тусгасан байгаа.

 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьц суулгацыг улс, бүс, аймгийн хэмжээнд нийлүүлнэ. Манай аймаг нийлүүлэгч аймаг гэдгээ Засаг дарга зарласан. Мөн ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлж, ойжуулалтыг 2000 га, ойн зурвасыu 4000 га талбайд хийж, 10 га талбайд 10 мянган ширхэг тарьц суулгац тарина.

 

Ингэснээр байгалийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, чадавхыг нэмэгдүүлж, цөлжилт газрын доройтлыг бууруулах ёстой. Эдгээр ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр оруулж өгсөн.

 

-“Бүсчилсэн хөгжлийн бодлого”-д тусгасан гол гол ямар ажлууд байна вэ?

-Бид бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Бүсийн онцлогт нийцсэн үйлдвэр үйлчилгээг нэмэгдүүлж, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжин хөгжүүлэхээр тодорхой заалт оруулж өгсөн. Тухайлбал Дархан-Уул, Төв аймагтай хамтран “Бүсийн хөгжлийн 2040 он хүртэлх төлөвлөгөө”-г боловсруулж, батлуулан хэрэгжилтийг эхлүүлнэ.

 

Мөн “Ногоон хөгжлийн бодлого-2030” хөтөлбөрийг хэрэгжилтийг 20 хувьд хүргэнэ. Сэлэнгэ хөгжлийн корпорацыг байгуулахад шаардлагатай хөрөнгө, газрын асуудлыг шийдвэрлэж, эхлүүлэх ажлыг зохион байгуулна. Аймгийн нутаг дэвсгэрийг Бэлчирийн бүс, Орхон бүс, Хараагийн бүс, Ерөөгийн бүс, Сэлэнгийн бүс гэсэн 5 дэд бүсээр бүсчлэн хөгжүүлэх бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулж батлуулан хэрэгжүүлнэ.

 

Түүнчлэн “Нээлттэй Сэлэнгэ” хөтөлбөрийг хэрэгжүүлж, шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг бодлогоор дэмжин ажиллана. Алтанбулаг чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн болон нарийвчилсан төлөвлөгөөнүүдэд тодотгол хийж, Алтанбулаг хилийн боомтын бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлнэ.

 

Мөн Ерөө сумын төвөөс Бугант чиглэлийн 27,5 км, Баруунбүрэн Амарбаясгалант хийд чиглэлийн 33.4 км, Орхонтуул Цээл чиглэлийн 62.52 км, Мандал сумын Түнхэл тосгоноос Төв аймгийн Батсүмбэр хүртэлх 49.2 км, Хушаат сумыг улсын чанартай авто замтай холбох ажлууд хийгдэнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Сүхбаатар суманд 70 МВт-ын дулааны цахилгаан станцын ажлыг үргэлжлүүлэн, Мандал суманд 50 МВт-ын дулааны цахилгаан станцын ажлыг эхлүүлнэ.


“Хөтөл цемент шохой” ХК-ийг түшиглэн “Үйлдвэрийн технологийн парк” байгуулах бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлж, орон нутгийн оролцоог ханган ажиллана.

 

Мөн Гангийн үйлдвэр байгуулах, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах зэрэг ажлуудыг хийхээр тусгаж өгсөн.

 

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын гол томоохон ажлуудаасаа тодруулна уу?

-Алтанбулаг хилийн боомтын зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолбор, шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд, өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, ачаа тээврийн терминалуудыг байгуулахад хамтран ажиллана.

 

Алтанбулаг чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн болон нарийвчилсан төлөвлөгөөнд тодотгол хийж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, ачаа тээвэр, барилгын материалын логистикийн төв байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

 

Баруунбүрэн-Амарбаясгалант хийд чиглэлийн 33.4 км хатуу хучилттай зам, Орхонтуул-Цээл чиглэлийн 42.7 км хатуу хучилттай авто замыг эхлүүлж, Ерөө сумын төвөөс Бугант чиглэлийн 27,5 км хатуу хучилттай авто замыг үргэлжлүүлэн, Орхон голын төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулна.

 

Баруунбүрэн, Баянгол, Мандал, Сант, Сүхбаатар, Хушаат, Шаамар суманд өвөл, зуны хүлэмжийн цогцолборын ажлыг барьж, эрт ургацын хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлнэ.

 

“Ус хуримтлуурт цахилгаан станцын төсөл”-ийг Жавхлант суманд Ерөө голыг түшиглэн бага оврын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлнэ.

         

Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламж, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, хот суурин газрын шинэ суурьшлын бүсэд дэд бүтцийн шугам сүлжээг шинээр татаж, “Амины болон орон сууцны хотхон” төслийг хэрэгжүүлнэ.

 

“Сэлэнгэ орон сууц 120 айлын төсөл”-ийг хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй орон сууцны хотхон, хороолол, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.  

 

Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр боловсруулж, “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд хог хаягдал ангилах, ялгах цэгүүдийг байгуулна гэх зэрэг олон бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд явж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Связанные новости