СЭЛЭНГЭ: Хүүхдүүд био хог хаягдал ашиглан эко шахмал түлш хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-28 10:35:28

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Гэртээ туршъя” уралдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагчид шинжлэх ухаанч, бүтээлч сэтгэлгээгээр оролцож дэд байрт шалгарчээ.

 

Хүүхдүүд био хог хаягдал ашиглаж, дулаан гаргах чадвартай “Эко шахмал түлш” болон “Халгайн ханд” бүхий хортон шавьж устгах бодис бүтээжээ.

 

“Эко шахмал түлш” нь модны үртэс, навч, хаягдал цаас, малын өтөг бууц зэрэг байгальд ээлтэй бүтээгдэхүүн төдийгүй агаарын бохирдлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулахуйц санаачилга болсон байна.

 

Ирээдүйн инженер, эрдэмтэд болох оюунлаг залуусыг бэлтгэн гаргах зорилгоор 2021 онд УИХ-ын гишүүн Ч.Ундрам санаачлан Сэлэнгэ аймагт анх удаа зохион байгуулж байсан энэхүү “Гэртээ туршъя” шинжлэх ухааны бүтээлийн уралдаан улсын хэмжээнд уламжлал болон өргөжин тэлжээ.

 

Эдүгээ 5 дахь жилдээ нийслэл хотноо болсон энэхүү уралдаанд 21 аймаг, нийслэлийн дүүргээс сурагчид оролцсон байна.  


Жилээс жилд сурагчдын бүтээл, туршилтын чанар, шинэлэг санаа сайжирч байгаа нь төслийн гол зорилго амжилттай хэрэгжиж байгааг харуулж байна хэмээн зохион байгуулагчид онцлов.


Связанные новости