ДОРНОД: Дуунд зориулсан хөшөө дурсгалууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-05-27 18:22:33

Чойбалсан, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дорнод аймагт дуунд зориулсан хоёр ч хөшөө бий. Нэг нь 1200 жилийн түүхтэй “Заян нава” дуунд зориулсан хөшөө бол нөгөө нь Монголын ард түмний дунд 50 гаруй жилийн турш дуулагдаж байгаа “Дөлгөөн Хэрлэн” дууны хөшөө юм.


Сонирхуулахад, Заян наваа” хэмээх дууг VIII зууны үед зохиосон гэж үздэг. Төв Азид түрэгүүд хүчирхэгжин мандаж байх тэр цаг үед монгол, уйгур угсааны аймгууд тэдэнтэй тэмцэлдэн дайтсаар байв. Эцэстээ монгол, уйгур аймгууд түрэгүүдэд дийлдэн дарагдаж ихээхэн хохирол амсжээ. Удам угсаагаа түрэгүүдэд хүйс тэмтрүүлэхгүйн тулд Нүкүз, Хиан хоёр аймгийн цөөн хүн умард зүгт зугтан Эргүнэ Хун хэмээх газар очиж суурьшсан гэдэг. Тэр Монгол угсаатан аймгууд дунд буриадуудын өвөг дээдэс байсан бөгөөд тэдний уугуул нутаг Заян Наваа гэж уултай, Бада Ёго гэдэг голтой үзэсгэлэнт сайхан нутаг байсан гэнэ. Тиймээс Эргүнэ Хунд очсон буриадууд тэр сайхан нутгаа санагалзан дуулсан нь “Заян Наваа” хэмээх дуу юм. Энэхүү арвин баялаг, гайхам сонин домог түүхтэй Заян Наваа дуунд зориулсан хөшөөг Баяндун сумын нутаг Адуун чулуун хэмээх газарт босгожээ.


Харин “Дөлгөөн Хэрлэн” дуунд зориулж 2006 онд тухайн үеийн Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавын санаачилгаар МУСГЗ, сийлбэрч Энхтайван хөшөө бүтээж, “Залуус” талбайд залсан юм. Хожим нь Хэрлэн голын хөвөөнд шилжүүлэн байрлуулжээ.

1972 онд зохиолч Д.Туваансүрэн залуу хөгжмийн зохиолч Г.Жүгдэрийнд зочилж, хоёул Хэрлэнгийн хөвөөгөөр алхаж явахдаа дуу бүтээх санаа төрсөн гэдэг. Д.Туваансүрэн тэр дор нь голын хөвөөнд үзэг цаас нийлүүлэн тэрлэсэн дууны шүлгийг Г.Жүгдэр тэр дор ноотолж, Хэрлэнгийн хөвөөнөө "Дөлгөөн Хэрлэн" дуу төрсөн түүхтэй. Дуучин Л.Цагаанхүүхэн маргааш орой нь тоглолтод дуулж, Дорнодын ард түмний сонорыг мялааж байжээ. Энэхүү дуу өдгөө Монголын ард түмний дунд 53 дахь жилдээ дуулагдаж байна.


Связанные новости